ХОВД: Хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөө боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-15 16:00:54

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 2025 оны төсвөөс хог хаягдлын менежментийг сайжруулахад 2.5 тэрбум төгрөг зарцуулахаар хуваарилсан. Энэ хүрээнд шат шатны байгууллагууд төлөвлөгөө боловсруулж, цаашид хэрэгжүүлэх ажлын санал, судалгаагаа нэгтгэж байна.  

Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин захирамж гаргаж, “Хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөө боловсруулах ажлын багийг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.   

Мөн хог хаягдлын менежментийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шинэ боломжуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.  

Хэлэлцүүлэгт Жаргалант сумын удирдлагууд болон байгаль орчны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, багийн Засаг дарга нар, "Шинэ Ховд Жаргалант” ТҮК, Хот тохижуулах газар, СӨХ, иргэдийн төлөөлөл оролцлоо. Тэд

-Иргэд зориулалтын бус газарт хог хаях тохиолдол их байгаа. Иймд хүүхэд багачууд, өсвөр, залуу үеийнхний хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажил зохион байгуулах

- Хог хаягдлын тухай хуулийг мөрдөх

-Хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах үйл явцыг оновчтой болгох

-Иргэд, олон нийтийн хамтын ажиллагаанд тулгуурлан хог хаягдлын сөрөг нөлөөг бууруулж, менежментийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, техник хэрэгслийг сайжруулах

-Бусад аймаг, хотын сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх

-Цаас, хуванцар, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах, дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг зах зээлийн эргэлтэд оруулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, газар олгох, тоног төхөөрөмж олгох зэргээр дэмжлэг үзүүлэх  гэх мэт олон санал хэллээ.  

 

Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд нээлттэй хэлэлцүүлгийг цаашид мөн үе шаттай зохион байгуулж, санал солилцох юм.  

 

 

 

Холбоотой мэдээ