“Цагийн ажил-Монголд” сэдвээр санал бодлоо солилцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-10-21 17:31:31

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв биржээс хэрэгжүүлж буй "Цагийн ажил" төслийн хүрээнд энэ сарын 27-нд "Цагийн ажил-Монголд" хэлэлцүүлэг зохион байгуулна.

2013 оноос хойш тус төслийг хэрэгжүүлж улмаар 24000 гаруй оюутан залуусыг цагийн ажилд зуучилсан байна. Цагийн ажилд зуучлагдсан залуучууд нэг цагийн 1000-5000, өдрийн 10-30 мянган төгрөгийн цалинтай ажиллаж нийтдээ 412 сая төгрөгийн цалин урамшуулал авчээ. Эдгээр тоон үзүүлэлт нь Монгол Улсад цагийн ажлын системийг хөгжүүлэх, оюутан залуучуудыг түр ажлын байраар хангах зорилготой төслийн үр дүнг харуулж байна.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид гадаад улс орнуудад цагийн хөдөлмөр эрхэлж байсан туршлагатай залуусын ажлын туршлага, тухайн улс орнуудын цагийн ажлын систем, давуу талууд, манай оронд цагийн ажлын систем одоо ямар түвшинд хөгжиж байгаа болон цаашид энэхүү системийг боловсронгуй болгоход анхаарах зэрэг асуудлаар санал солилцох юм.

Хэлэлцүүлэгт  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,  Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,  Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн, Ажил олгогч байгууллага зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, гадаадын их, дээд сургуульд суралцах хугацаандаа цагийн ажил идэвхтэй хийж байсан, тухайн улсын хөдөлмөр зуучлалын системийг тодорхой түвшинд мэддэг залуучууд оролцох юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ