Ж.Батсуурь:ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарийг жил бүр өөрчлөхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-10-21 14:54:56

БСШУС-ын сайд Ж.Батсуурь “ЕБС-ийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г батлан, бүтцийг жил бүр өөрчилж ирснийг больж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан талаар өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.

Тэрбээр хэлэхдээ, “Цаашид энэ бүтцийг урт удаан хугацаанд мөрдөж ажиллахаар тооцож тушаал гаргав. Тухайлбал, нийслэл хотоос бусад аймаг, сум, тосгон, багийн ЕБС-ийн сурагчид Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн 7 хоног амарч байх зохицуулалт хийлээ. Ингэснээр Монголын уламжлалт цагаан сарын баяр хэзээ болохоос хамааран хичээлийн жилийн бүтцэд жил бүр өөрчлөлт оруулах шаардлагагүй болж байна.

Мөн хөдөө, орон нутгийн ЕБС-ийн сурагчдыг мал төллөлтийн үеэр амрааж байх зохицуулалт хийж, тухайн орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд сурагчдын 3 дугаар улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох аймгийн Засаг даргад олгож байна. Эл зохицуулалт хийснээр ЕБС-д 3 ба түүнээс дээш хүүхэд нь бага, дунд, ахлах ангид зэрэг суралцдаг хөдөөгийн малчин эцэг эх хүүхдээ улирлын амралтаар авах, хүргэхэд олон удаа ирж очдог хүндрэлийг арилгана” гэв.

Мөн тэрбээр сургалтын ачаалал, амралтын харьцаа зохистой байх шаардлагад нийцүүлэн бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулснаа хэллээ. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчдын зуны амралт 5 дугаар сарын 25-наас, 3-5 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс эхлэн тус тус амрах юм.

Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний ид үед 3 долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 18-ныг дуустал, хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид 2 долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 11-нийг дуустал амрах юм.

Хот, хөдөөд сурагчдын хичээллэх болон амрах хугацаа нэгэн адил байхаар зохицуулжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ