“Монголын уламжлалт хэл хуурын соёлын боловсролын хөтөлбөр”-ийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 4 дүгээр хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын соёл урлагийн зөвлөх, “Монгол угсаатны хэл хуурчдын холбоо” ТББ-ын тэргүүн Б.Нарандэлгэр “Монголын уламжлалт хэл хуурын соёлын боловсролын хөтөлбөр”-ийг танилцууллаа.
Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа Монголын уламжлалт хэл хуурын соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлэх, өвлөн уламжлуулах чиглэлээр дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн хэл хуурын соёлын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн Соёл урлаг, Залуучуудын газар төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар, Эрүүл мэндийн газар судалгаа шинжилгээнд суурилсан хүүхдийн залгиур хоолой болон амны хөндийн өвчлөлийг бууруулах чиглэлээр, Боловсролын газар ЕБС-ийн хөдөлмөрийн багш нарыг урлаачаар сурган, хэл хуур хөгжмийг өөрсдөө урлан хийх, дуу хөгжмийн багш нар хүүхдүүдэд тоглож сургах зэрэг хоорондын уялдаа холбоогоор Дархан-Уул аймагт нутагшуулах зорилготой байгааг онцоллоо.
“Монголын уламжлалт хэл хуурын соёлын боловсролын хөтөлбөр"-ийн хүрээнд:
-Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн технологийн багш нарт монголын уламжлалт хулсан хуурын үүсэл хөгжил, төрөл болон түүнийг хэрхэн урлах талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулах
-Аймгийн дуу хөгжмийн багш нарт монгол уламжлалт хэл хуур хөгжмийн үүсэл хөгжил, төрөл жанр болон түүнийг хэрхэн тоглуулах талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулах
-Сургалтад хамрагдсан багш нар сурагчдад хулсан хуур урлах болон хэрхэн тоглох талаар онолын болон практик хичээл заах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах юм.
Монгол угсаатны хэл хуурчдын холбоо 21 аймаг, ХБНГУ, Бельгийн Хаант улс, Недирландын Хаант улс Швейцарийн Холбооны улсад салбар холбоогоо байгуулсан, 100 өвлөн уламжлагч, 10 судлаач, 8 урлаач, 300 гаруй хэл хуур тоглооч, сонирхогч гишүүдтэй холбоо юм.