Месси татвараас зайлсхийсэн хэргээр шүүгдэнэ

Дэлхийд | Спорт
jargal@montsame.mn
2015-10-09 11:22:12

ЛОНДОН. /BBC/. Испанийн “Барселона” багт хүчин зүтгэдэг Аргентины хөл бөмбөгчин Лионнель Месси татвараас зайлсхийсэн хэргээр шүүгдэнэ.

Аргентины довтлогч гэмт хэргийн хамсаатнаар сэжиглэгдэж байгаа эцгийнхээ хамт шүүх хуралд оролцох ёстой гэж шүүх үзсэн байна.

Прокуророос зөвхөн Мессигийн эцгийг хариуцлагад татах хүсэлт гаргасан боловч шүүх энэ хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хөл бөмбөгчин ч бас шүүх ажиллагаанд оролцох ёстой гэж үзжээ.

Хөл бөмбөгчний дүр төрхийг Уругвай болон Белиз улсад ашигласнаас олсон 4 сая гаруй долларыг Месси болон түүний эцэг татварын байгууллагуудаас нуун дарагдуулсан гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа аж.

Хэрэв шүүх ажиллагааны эцэст Месси буруугаа хүлээвэл, түүнд бараг хоёр жил хорих ял оноож магадгүй.

Д.Жаргал

Холбоотой мэдээ