Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас “Хавдар судлалын үндэсний төв-II” эмнэлгийг барихаар болж Ажлын хэсэг байгуулсан талаар өнөөдөр мэдээлэл өгөв.
Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж, “Хавдар судлалын үндэсний төв 2”-ын барилгын ажилд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ахалж, Сангийн сайд
Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн,
Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, ЗГХЭГ-ын дарга У.Бямбасүрэн, ЭЗХЯ-ны Төрийн
бичгийн дарга И.Батхүү, ХСҮТ-ийн ерөнхий
захирал Н.Эрдэнэхүү, АШУҮИС-ийн
ректор Б.Дамдиндорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Хавдраас урьдчилан сэргийлэх
оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээний сургалтын төв бүхий 95 мянган метр квадрат талбай бүхий цогцолбор
Хавдар судлалын эмнэлгийг Сонгинохайрхан дүүрэгт барихаар төлөвлөсөн байна. Тодруулбал, СХД-ийн Баянголын аманд “Хавдар судлалын үндэсний төв-II” эмнэлгийг барих 12 га
газрыг шийджээ. Үүнд 2025 оны төсөвт 38 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ярихдаа, “Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн, хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлох, эмчлэх, эрдэм шинжилгээ, тандалтын судалгаа хийдэг, сургалтын цогцолбор бүхий орчин үеийн төв байгуулахад дэмжин ажиллана” гэв.
Ажлын хэсгийн гишүүн Эрүүл мэндийн сайд С.Мөнхсайхан, “Эмнэлгийг барьж дуустал 4-5 жилийн хугацаа шаардах болов уу. Тиймээс одоогийн Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөн, тусламж үйлчилгээг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Үүнд шаардлагатай мөнгийг ирэх оны төсөвт суулгасан байгаа” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, “Шинэ эмнэлэг бол монгол хүн орчин цагийн дэлхийн хамгийн шилдэг технологийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх том амбицтай төсөл. Хамгийн их хөрөнгө шаардагддаг нь туяа эмчилгээний технологи. Олон улсын цөмийн энергийн агентлагаас хэрэв та нар шинэ эмнэлэг баривал үүнийг шийдвэрлэхэд тусалъя гэсэн хэлэлцээр, яриа бий. АНУ-ын Юта мужийн Сенатын ерөнхийлөгч Ж.Стрюарт Адамс Монголд өнгөрсөн 10 дугаар сард айлчилсан. Юта мужид хавдрын эмч нарыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн, гэрээг эцэслэх ажлаа хийхэд бэлэн” хэмээв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, “Ерөнхийлөгч “Хавдар-II” төслийг ивээлдээ авч манлайлан ажиллах болсонд миний бие маш их баяртай байна. 2025 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авч бүхэлд нь хүчингүй болгосны дараа дахин нэмэгдсэн төсвийн нэг нь энэ. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч энэ төслийг авч явбал амжилтад хүрэх юм байна гэдэг гэрэл гэгээ харагдаж байгаа” хэмээсэн.
Мөн УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, “Эмнэлгийн газар байршил хоёр
удаа солигдсон. Эцэст нь СХД-ийн 34 дүгээр хороо, Баянголын ам буюу Найрамдлын
наад талын аманд байршихаар 12 га газрыг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн.
Ажлын хэсэг гурван га газрыг
нэмж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
Дэд бүтцийг бүрэн шийдсэн
байгаа. Төвлөрлийг сааруулах хүрээнд энэ байршлыг сонгох нь оновчтой гэж үзсэн”
гэв.