Чөлөөт, жүдогийнхны халз барилдаан маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-14 15:09:23

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт болон жүдогийн тамирчид маргааш үндэсний бөхөөр халз барилдана.


“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулах эл барилдаан нь 1999 онд зохион байгуулсан халз барилдааныг үргэлжлэл гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, 25 жилийн өмнө тэнцээгээр өндөрлөсөн барилдааны хайнааг хагалах юм. Багийн барилдааны гараанд долоо, сэлгээнд гурван бөх байх бөгөөд нийт 49 барилдаан болно. Ингэснээр хоёр баг хайнцах боломжгүй болж байна.


Барилдааны талаар Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар ярихдаа “Их спортыг түгээн дэлгэрүүлж, таниулахад халз барилдааны зорилго оршиж байгаа юм. Үндсэн бөхчүүд тойргоор барилдахаас гадна үндэсний шигшээ багийн хөнгөн жингийнхэн халз барилдана” гэв.


“Хийморь” төслийн хүрээнд үндэсний бөхийг сурталчлах зорилгоор 2021 оны харцага цолтой найман бөх тойргоор барилдаж байсан юм. Барилдааны үеэр өвлийн идэш, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн бэлтгэлийн хувцас, шилдэг жүдочдын гарын үсэгтэй кимоно зэрэг олон бэлгийн азтаныг тодруулах ажээ.


Халз барилдаанд оролцох жүдочдын багийг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дасгалжуулах бөгөөд ахлагчаар дархан аварга Н.Батсуурийг сонгожээ. Харин багаа улсын заан Д.Анар, Б.Серик, начин Л.Отгонбаатар, Х.Цогтгэрэл, Б.Лхагвадорж, Б.Түвшинтөгс,Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн начин Б.Гончигсүрэн нараар бүрдүүлсэн юм.

  

Тэгвэл чөлөөт бөхийн багийг гавьяат дасгалжуулагч Б.Баттулга дасгалжуулж, улсын начин Ж.Чулуунбат ахална. Бүрэлдэхүүнд улсын арслан Б.Орхонбаяр, заан М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, Г.Ганхуяг, начин Э.Батмагнай, аймгийн арслан Ч.Алтангэрэл, М.Цэрэн, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ нар бий. 

 

Үүнээс гадна бөмбөрцгийн хөнгөн жингийн хүчтэнүүдийн халз барилдаанд жүдогоос гавьяат тамирчин Ё.Басхүү, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд, гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, чөлөөтөөс гавьяат тамирчин Т.Тулга, олон улсын хэмжээний мастер З.Занабазар, О.Сүлдхүү нар зодоглох ажээ.

Холбоотой мэдээ