СЭЛЭНГЭ: Б.Даваасүрэн сонгодог пауэрлифтингийн хошой алтан медальтан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-10 13:27:53

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулдаг сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Даваасүрэн хошой алтан медаль хүртлээ.

 

Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Б.Даваасүрэн мастер 1 ангиллын -93 кг-ын жинд таталтын төрөлд алтан медаль хүртсэн байна.

 

Тэрээр 2023 онд анх удаа зохион байгуулсан энэхүү тэмцээнээс мөн алтан медаль хүртэж байсан юм.

 

Нийслэл хотноо “Аврагч” спорт хороонд хоёр өдрийн турш үргэлжлэн зохион байгуулсан энэхүү тэмцээнд тусгайлсан чиг үүрэг бүхий 16 байгууллагын 190 гаруй тамирчин 4 ангилалд 252 багц медалийн төлөө хүч чадлаа сорин өрсөлджээ.

 

Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын 13 тамирчин оролцсон байна.

 

Эдгээр тамирчид алтан медаль 4, мөнгөн медаль 5, хүрэл медаль 6 нийт 15 медаль хүртэж, байгууллагын дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарчээ.

 

Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан байна.

 

Холбоотой мэдээ