БУЛГАН: Данзий нь шашин, соёлын түүхэн үнэт сурвалж юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-09 10:08:40

Булган, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Данзий хэмээх түүхэн судар нь Дайчин вангийн хүрээний буюу одоогийн Булган аймгийн шашин, соёлын түүх болон түүхэн хүмүүсийн он дарааллын товчоон юм.

 

Данзий хэмээх түүхэн чухал бичгийг төвөд, кирилл, уйгаржин монгол бичгээр хөрвүүлэн судар хэлбэрээр 21.5 х 8.3 хэмжээтэй 57 хуудастай хэвлэн олон түмэнд хүргэж байна.    


Эл зохиолын эхний хэсэгт, Энэтхэгт бурхан шашин үүссэн, Бурхан багшийн тэмдэглэлт үйл явдал, Чингис хааны  мэндэлсэн он, Сажа бандида, Дагва ламын талаар бичжээ.


Дунд хэсэгт, Төвөд оронд дэлгэрсэн бурхны шашны тэргүүн лам нарын болон байгуулсан сүм хийдүүдийг он дарааллаар бичжээ. Мөн Халхын Автай сайн ханы байгуулсан Эрдэнэ зуу хийд, өндөр гэгээн Занабазар хутагт 1654 оны хөх морин жилд байгуулсан Богдын хүрээг бичсэн.

 

Сүүл хэсэгт, энэ хошуунд байгуулсан сүм хийд, хутагт хувилгаад, аймаг, тэмдэглэлт үйл явдлуудын талаар он дарааллаар бичжээ.

 

Ханд вангийн хошууны хүрээ хийдийн түүхэнд холбогдох энэ баримтын талаар танилцуулахад, Бурхны шашны түүхийн зохиолын төрлийг чойнжүн номын гарал, данзий он дарааллын бичиг, шашны зурхай, лоржу түүх, намтар  хэмээн хуваан үздэг. 

 

Эдгээрийн дотроос сүм хийдүүдээс хэвлэн гаргадаг литний эхэнд данзий буюу он дарааллын бичгийг жил жилээр тухайн хийдэд болсон түүхэн үйл явдлыг нэмэн тэмдэглэж хэвлүүлж ирсэн нь сүм хийдийн түүх болоод бурхны шашны түүхийн судлалд судалгааны үнэ цэнтэй бичгийн сурвалж болдог.


Данзий нь шашин соёлын үнэт түүхэн бичиглэлийн хураангүй бол харин лит нь хүрээ хийдийн бүтэн жилийн тэмдэглэгээ тайлан байдаг ажээ.


Одоогоор Тариатын хүрээ, Сэцэн ханы хүрээ, Ханд вангийн хүрээ зэргийн лит хуанли судалгаанд мэдэгдээд байгаа аж. 

 

Булган аймгийн музейд Дайчин вангийн хүрээнээс жил бүр эрхлэн хэвлүүлж байсан литний эхэн дэх хүрээний түүх болох данзий хэмээх түүхэн чухал баримт хадгалагдаж байна.

 

Энэхүү баримт нь Ханд вангийн хүрээний түүхэнд холбогдох нэн чухал сурвалж бичиг болно. Танилцуулж буй эл баримтыг Х.Лэгцог гэдэг хүн хуулбарлан бичиж аймгийн музейд хадгалжээ. 

 

Бурхан шашны түүх, түүхэн зүтгэлтнүүдийн он дараалал, Дайчин вангийн хүрээний түүх, Гүн бандида хутагт тэргүүтний намтрын судлалд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэсэн байна.



Холбоотой мэдээ