Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-12-06 09:41:20

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанд Засгийн газраас энэ сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.


Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулахдаа, “Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьж, УИХ уг хоригийг хүлээн авч, хуулийг хүчингүй болгосон. Төсвийг алдагдалгүй батлах хүрээнд төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.4 хувьтай тэнцэх дүнгээр бууруулах, үүнтэй холбогдуулан төсвийн орлогыг 395 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 0.4 хувьтай тэнцэх дүнгээр багасгах шаардлага үүссэн тул хуулийн төслийг боловсруулсан гэв.


Мөн хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2025 онд ДНБ-ий 3.5 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай, 2026-2027 онд ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байхаар тооцож тусгасныг дурдаад төсвийн хүрээний мэдэгдэлд 2025 оны жилийн дундаж инфляцыг 7.5 хувь гэж тооцсон бол төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж буйтай уялдуулан 2025 оны дундаж инфляцыг өмнөх төсөөллөөс 0.3 нэгж хувиар багасгаж, 7.2 хувь байхаар хуулийн төсөлд тусгасан хэмээлээ.


Төсвийн зардал буурснаар эрэлтээс үүдэлтэй инфляц өсөх дарамт багасаж, мөнгөний бодлогын орон зай нэмэгдэхээр байгаа ч геополитикийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, тээвэр логистикийн саатлаас үүдэн импортын инфляц нэмэгдэх эрсдэлүүд хэвээр байгааг Тэргүүн шадар сайд онцлов. Мөн УИХ-аас баталсан Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 2025 оны эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх зорилт тавьсан учир төсвийн хүрээний мэдэгдэл дэх ДНБ-ий төсөөллийг өөрчлөхгүй хэвээр хадгалсан гэлээ.


Төсвийн зардлыг багасгаж байгаа нь зарим салбарын өсөлтийг хязгаарлах хэдий ч зарим хүчин зүйлсийн нөлөөгөөр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан 8 хувийн эдийн засгийн өсөлтийг хангах боломжтой юм. Энэ онд үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмж, ачаа тээврийн хэрэгслийн импорт өмнөх оныхоос 34 хувиар өсөж, 2.9 тэрбум ам.доллар буюу нэрлэсэн ДНБ-ий 15 орчим хувьд хүрсэн нь эдийн засгийн хүчин чадлыг нэмэхээр байна. Экспортын хувьд энэ онд 78 сая тн нүүрс, экспортлохоор төлөвлөсөн бөгөөд энэ сарын 3-ны байдлаар нүүрсний экспорт 78 сая тоннд хүрээд байна. Экспорт энэ хурдаар он дуустал үргэлжлэхэд нүүрсний экспорт 2024 онд 83-84 сая тоннд хүрч, төлөвлөгөөнөөс 6-7 хувиар давж биелэхээр байна. Ирэх онд 83 сая тонн нүүрс экспортлохыг зорьж байгаа бөгөөд төлөвлөгөөг давуулан биелүүлэх бүрэн боломжтой гэв.


Мөн зэсийн баяжмалын экспорт одоогоор өмнөх оны мөн үеийнхээс 9 орчим хувиар их байна. Уул уурхайн салбар энэ оны эхний гурван улирлын байдлаар 11.4 хувиар нэмэгдлээ. Энэ онд уул уурхайн салбарт ашигладаг хүнд машин механизмуудын импорт өмнөх оныхоос 2 дахин, ачааны тээврийн хэрэгсэл 85 хувиар өссөн нөлөөгөөр 2025 онд уул уурхай болон тээврийн салбарын өсөлт их байх юм. Худалдаа, үйлчилгээний салбар энэ оны эхний гурван улиралд 8.8 хувиар өслөө. Тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн тоо 6.2, хөдөлмөр эрхлэлт 13, зээл олголт 47 хувиар өссөн нь ирэх онд үйлчилгээний салбарын өсөлт тогтвортой хадгалагдах нөхцөлийг бүрдүүлж байгааг Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцолсон.


Эрчим хүчний салбар энэ оны эхний гурван улиралд 5.2 хувиар өслөө. Тус салбарт хэрэгжиж буй Бөөрөлжүүт, Чойбалсангийн станц, Багануурын батарей хуримтлуурын бүтээн байгуулалтууд эдийн засгийн  хүчин чадлыг дэмжинэ гэж тооцсон. Эрчим хүчний либералчлалыг алгуурлалгүй хэрэгжүүлснээр тус салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Хөдөө аж ахуйн салбар байгаль, цаг уурын нөлөөгөөр 2023 онд 8.9 хувиар, 2024 оны эхний гурван улиралд 25 хувиар дараалан унасан бөгөөд тус салбар 2025 оноос сэргэх төлөвтэй. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлсний дүнд хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн импорт энэ онд 56 хувиар нэмэгдсэн. Тоног төхөөрөмжийн импортын өсөлт, хөдөө аж ахуйн салбарын сэргэлт нь боловсруулах салбарын өсөлтийг дэмжихээр байгааг Л.Гантөмөр дурдлаа.  


УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөрийн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан юм.


Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцуулахдаа, “Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн”-ийг дуулгав.


Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн уялдааг хангасан эсэх, төсөлд тусгасан эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх зорилт бодитой эсэх, 2025, 2026, 2027 оны төсвийг алдагдалгүй байхаар тооцоолсон шалтгааны талаар гишүүд тодруулж байлаа.


Сайд Л.Гантөмөр хариултдаа, татварын орлогын тооцоололд хувийн хэвшлээс гадна төрийн өмчит компаниудыг хамруулж байгаа. Улмаар “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэрэг нь татварын хамгийн их орлого бүрдүүлэгчид. Харин төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэхдээ эдийн засаг дахь төрийн өмчит компаниудын оролцоог багасгаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэх тухай ярьсан. Иймд Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөний үндсэн чиглэлд туссан улсын үйлдвэрийн газруудын үр ашгийн тооцоог богино хугацаанд хийж, хамгийн ашигтай компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, зардлыг багасгах, үр ашгийг нэмэх, олон нийтийн хяналтыг бий болгож байна. Ашиггүй төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг зогсооно. Ер нь Засгийн газрын хэмжээнд төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, менежментийг сайжруулж байна гэсэн тайлбар өгөв. 


Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг УИХ баталж, эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх зорилтыг тусгасан. Найман хувьд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагийн шалтгаан нь импортын  өсөлт идэвхжсэнтэй холбоотой. Тухайлбал, 2.9 тэрбум ам.долларын  үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмж орж ирсэн байх жишээтэй. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт орно гэдэг нь төдий хэрийн олборлолтын хүчин чадал нэмэгдэнэ гэсэн үг хэмээн сайд Л.Гантөмөр хариулж байлаа. Мөн тэрбээр, ирэх дөрвөн жилдээ дотоодоос дайчилж буй төсвийн зардлыг ДНБ-ий 2 хувийн ашигтай байхаар тооцож, гадны зээл тусламж авахдаа 2 хувийн алдагдал хүлээхээр тусгаж оруулсан. Үүнээс УИХ татгалзсан. УИХ-ын байр суурь нь бүрэн эрхийн хугацаанд хадгалагддаг тул 4 жилийнхээ төсөөллийг хийхдээ алдагдалгүй төсөв батлах бодлого баримтална хэмээх тайлбарыг өгөв.


Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.3 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ