Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихийн утга учир, нийгэмд үзүүлэх үр нөлөө
ТОЙМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47/3 тоот тогтоолоор жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” /International Day of Persons with Disabilities/ болгон зарлах шийдвэрийг 1992 онд гаргажээ. Үүний гол зорилго бол хүний эрхийг тэгш сахих, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцуулах, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг нийгэм, олон нийтэд ойлгуулан таниулах явдал юм.
Эерэг хандлага төлөвшсөн нь буюу НҮБ-ын шийдвэрүүд
XX зууны хоёрдугаар хагасаас
эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлага дэлхийн улс орнуудад эерэг
тал руугаа өөрчлөгдөж, тэдэнд тулгарч буй асуудалд олон нийт анхаарлаа хандуулж
эхлэв. Шинээр бүрэлдэж буй нийгмийн энэхүү үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх хэрэгцээ шаардлага урган гарч, 1971
онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Оюун ухааны хязгаарлагдмал боломжтой
хүмүүсийн эрхийн Тунхаглал”, 1975 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн
Тунхаглал”-ыг тус тус баталсан байна. Улмаар 1981 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн жил”, 1983-1992 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 жил” болгон
зарлажээ. Ингээд уг 10 жил
дууссанаар 12 дугаар сарын 3-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг
хамгаалах өдөр” болгон дэлхий даяараа тэмдэглэж байхаар шийдвэрлэснийг дээр дурдсан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн
эрхийг хамгаалах тухай НҮБ-ын Конвенцод зааснаар “Хөгжлийн бэрхшээл гэдэг нь
бие эрхтний бэрхшээлтэй хүнд хандах хандлага, хүрээлэн буй орчны саад
бэрхшээлээс шалтгаалан бие эрхтний бэрхшээлтэй хүн нь бусад хүмүүстэй тэгш эрхтэйгээр
нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, үр дүнтэйгээр оролцож чадахгүй байх”-ыг
хэлнэ. Уг Конвенцыг дэлхийн 50 гаруй улс соёрхон баталснаар 2008 оны тавдугаар сард хүчин төгөлдөр
болсон бөгөөд Монгол Улсын Их Хурал
мөн оны 12 дугаар сарын 19-ний өдөр соёрхон баталсан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
эрхийг хамгаалах өдрийг жил
бүр өөр өөр уриан дор тэмдэглэсээр иржээ. Энэ оны хувьд тус өдрийг “Хүртээмжтэй,
тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг
нэмэгдүүлье” гэсэн уриан дор тэмдэглэж байна. Өмнөх жилүүдэд
“Урлаг соёл ба бусдаас үл хамаарах амьдралын хэв маяг”, “Шинэ мянган дахь
бүгдэд хүртээмжтэй байдал” /1999 он/, “Бие даасан амьдрал ба тогтвортой цалин
хөлс”, “Саадыг арилгаж, хаалгыг нээцгээе: бүгдэд нээлттэй нийгмийн төлөө”,
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх: хөгжлийн үйл явц дахь үйл ажиллагаа” гэх зэрэг янз бүрийн уриан дор
тэмдэглэн өнгөрүүлсээр иржээ.
Эл өдрийг тэмдэглэх болсон гол
зорилго бол хүний эрхийг бүрэн дүүрэн тэгш хангах, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн нийгмийн амьдрал дахь оролцоог хангах явдал билээ. Энэхүү зорилтыг
1982 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
талаарх Бүх дэлхийн үйл ажиллагааны хөтөлбөр”-т тодорхой зааснаас гадна Тогтвортой хөгжил -2030
хөтөлбөрийн гол зорилтуудын нэг болж байна.
Өдгөө дэлхий дээр 1,3 тэрбум хүн
ямар нэгэн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байгаа нь нийт хүн амын 16 орчим хувь /зургаан хүн тутмын нэг нь/ болж байгаа бөгөөд 200 сая орчим хүн үйлдлийн бэрхшээлтэй байна. Тэднээс 100 сая гаруй нь хүүхдүүд юм. Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн
80 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад амьдарч байна.
Хөгжлийн бэрхшээлийн тархалт
ихэсч байгаа учир ойрын
жилүүдэд энэ асуудал бүх нийтийн анхаарлын төвд байх болно. Энэ нь хүн амын
насжилт өндөрсөж, үүнээс үүдэн чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдар,
сэтгэцийн өвчин зэрэг эрүүл мэндийн архагшсан нөхцөл байдал газар авч байгаатай холбоотой. Энэ бүхнээс шалтгаалан
эрүүл саруул хүмүүстэй харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрт нас барж
байгаа бөгөөд насжилтын зөрүүтэй байдал улам нэмэгдсээр 20 жил болох төлөвтэй байна.
Түүнээс гадна хөгжлийн
бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, боловсролд
хамрагдалт хангалтгүй, эдийн засгийн оролцоо бага байгаа зэрэг нь хөгжлийн
бэрхшээлтэй иргэд ядууралд өртөх шалтгаан болж байна. Эрүүл саруул иргэдийн
хувьд ердийн мэт байнга авч байдаг эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт,
тээвэр, мэдээллийн зэрэг үйлчилгээг авахад тэдэнд саад бэрхшээл учирсаар байна.
12 дугаар сарын 3-ны өдрийн ач холбогдол
Дэлхийн улс орнуудад энэ өдрийг тэмдэглэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг. Үүнд: бага хурал, семинар зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх сүүлийн үеийн судалгааны ажлууд, тэдний амьдрал ахуйг хөнгөвчлөх шинэ техник технологи, эрх ашгийг нь хамгаалах хууль эрхзүйн шинэ актуудыг танилцуулж, яриа мэтгэлцээн өрнүүлдэг. Түүнчлэн эдгээр иргэдийг нийгмийн интеграцид хамруулах, тухайлбал, ажлын байр санал болгох зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн хотын гудамж талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай төхөөрөмжөөр тоноглох, тухайлбал, тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу зам барих, харааны бэрхшээлтэй иргэдэд тусалдаг “ярьдаг” гэрлэн дохиог суурилуулах гэх мэт.
Мөн энэ өдөр буяны байгууллагууд хандивын аяныг зохион байгуулдаг. Түүнчлэн
хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс оролцсон концерт, уран бүтээлийн үзэсгэлэн,
театрчилсан үзүүлбэрүүдийг бэлтгэн толилуулна.
Мөн дунд сургууль, их дээд
сургуулиудын сурагч оюутнуудад тусгай хичээл зааж, боломж нь хязгаарлагдмал
хүмүүст хүндэтгэлтэй харьцаж, тэд бол нийгмийн эрх тэгш гишүүд мөн гэсэн
ойлголтыг өгдөг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал
ахуй нь ердийн хүмүүсийнхээс маш ялгаатай гэдгийг хүүхэд залуучуудад ойлгуулах
нь чухал. Залуу үеийнхний бодол
сэтгэлгээнд өөрчлөлт гарснаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах
хандлага нь дагаад өөрчлөгдөх учиртай. Ингэснээр тэднийг ялгаварлах, өрөвдсөн
байдлаар харах эсвэл айж цочин нүүр
буруулах хандлага арилна.
Хөгжлийн бэрхшээлтэй зарим хүн
бусдын доог тохуурхал, үл хүндэтгэсэн харилцааг тэсвэрлэж чадалгүй гутралд
ордог бол зарим нь эр зориг, хатуужил тэсвэрийг үзүүлж, Паралимпын наадамд
оролцож, уулсын оргилд гарч, уран бүтээлээ туурвисаар байна. Үүний зэрэгцээ
налуу зам байхгүйн улмаас гэрээсээ чадахгүй байгаа, биедээ таарсан тэргэнцэр
худалдан авч чадахгүй байгаа, ажилд орж чадахгүй байгаа маш олон хүн бий.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн
эрхийг хамгаалах нь зөвхөн шударга ёсыг тогтоох тухай асуудал биш бөгөөд энэ
бол хүн төрөлхтний нийтлэг ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт мөн.
Энэ өдөр бол мэдээж баярын өдөр
биш, харин боломж нь хязгаарлагдмал хүмүүсийн хувьд бусадтай харьцуулахад бүх
зүйл хүнд хэцүү байдаг тул тэдэнд анхаарал халамж тавьж, үг хэл, үйл ажлаараа
туслах нь бидний үүрэг мөн гэдгийг сануулж буй өдөр болой. Хүмүүсийн сайхан
сэтгэл нь биемахбодын болон сэтгэцийн хязгаарлагдмал байдалтай хүмүүст бэрхшээл хүндрэлийг даван туулах урам зоригийг бэлэглэх учиртай.