Японы музей дэлхийн хамгийн гоёмсог музейгээр шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-12-03 16:52:42

ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /Kyodo/. Японы баруун нутагт орших Simose урлагийн музей дэлхийн хамгийн гоёмсог музейгээр тодорчээ.


2015 оноос санаачлан олгож эхэлсэн дэлхийн шилдэг архитектурын хэв маягийг тодруулдаг Prix Versailles” шагналыг хүртэх байгууламжуудыг Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд жил бүр зарладаг. Тэгвэл энэ оноос шалгаруулж эхэлсэн музейн гэх ангилалд Японы Simose” музей нь Хятадын Ченду хотын А4 музей, Египетийн Гиза хотын Их Египетийн музей зэрэг зургаан музейн хамт нэр дэвшжээ.


Simose урлагийн музейн барилгын хэв загварыг архитектурын салбарын Нобелийн шагнал гэгддэг Притцкерийн нэрэмжит шагналыг 2014 онд хүртэж байсан Японы архитекторч Шигэрү Бан гаргажээ. 2023 онд Хирошима мужийн Отакэ хотод нээгдсэн уг музейд Францын зураач, дизайнер Эмиль Галле тэргүүтэй уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэн үзүүлдэг. Энэхүү музей нь найман хөдөлгөөнт галерейтай тул ямар үзэсгэлэн дэлгэгдэж байгаагаас хамааран өөр өөр зохион байгуулалт хийх боломжтой байна.


Шагналын цахим хуудсанд уг байгууламжийг усан дээр байгуулсан шөнө гэрэлтдэг өнгөт шилээр хийсэн хана бүхий галерей гэж танилцуулсан байна. Энэ нь Сетоучи арлуудын үзэсгэлэнт байдлыг илтгэн харуулж, Сето тэнгисийн байгалийн үзэмжийг улам тодотгож байна гэж музейн далайн эрэг дээрх байршлыг онцлон бичжээ.


Усан дээр хөвж буй хөдөлгөөнт галерей, модон байгууламж зэрэг шинэлэг арга барилыг хүлээн зөвшөөрлөө гэж би хувьдаа дүгнэж байна. Энэ бол надад загвар дизайныг чөлөөтэй гаргах боломжийг олгосон анхны тохиолдол юм. Энэхүү байгууламжийг барьж байгуулахад гар бие оролцсон бүх хүнд маш их талархаж байна” хэмээн Ш.Бан ярилаа.

 


Холбоотой мэдээ