Ш.Сугарцэрэн И.Дунаевскийн нэрэмжит олон улсын хөгжмийн зохиолчдын XI уралдаанд түрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэн Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын хөгжмийн зохиолчдын XI уралдаанд түрүүлсэн байна.
Тодруулбал, ОХУ-ын Хөгжмийн зохиолчдын эвлэл, Олон улсын “Сольвейг” төвтэй хамтран Москва хотын Хөгжмийн зохиолчдын эвлэл, ОХУ-ын Бүх Холбоотын зохиогчийн эрх эзэмшигчдийг дэмжих үндэсний сан, “Их Петр хаан” соёлын инновацын үндэсний сан, Бүх Оросын хэвлэл, мэдээллийн номын сангийн Борис Таракановын хөгжмийн архив, “Нинжин сэтгэлийн урлаг” сангийн дэмжлэгээр Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын уралдааныг 11 дэх жилдээ зохион байгуулав. Уралдааныг хөгжмийн зохиолчдын дунд өнгөрсөн зунаас эхлэн хоёр шаттайгаар явуулж, энэ сарын 9-нд дүнгээ нэгтгэжээ.
Уралдааны танхимын дууны бүтээл /Камерные вокальные сочинения/ төрөлд тунаад байсан ОХУ, Беларусь, АНУ, Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс ОХУ-ын Гнесиныхны нэрэмжит Хөгжмийн академид суралцаж буй хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэнгийн “Эрдэнийн гэгээтэй хаалга” нэртэй мэргэжлийн дуурийн бүтээл тэргүүн байрт шалгарсан байна. Монголын хөгжмийн зохиолчийн энэхүү бүтээлийг нөгөөдөр буюу энэ сарын 16-нд Оросын хөгжмийн зохиолчдын ордны алтан тайзнаа гала тоглолт, шагналтнуудыг алдаршуулах ёслолын үеэр эгшиглүүлэх юм.
Ш.Сугарцэрэнгийн хувьд “Их
Монгол” дээд сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр, дараа нь Монгол Улсын
Консерваторийн хөгжмийн зохиогчийн анги төгссөн бөгөөд 2018 оноос Улсын филармонийн Урын сангийн
эрхлэгчээр ажиллаж байгаад ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр гурав дахь жилдээ суралцаж
буй юм. Тэрбээр 2017 онд “Морин хуур” оны шилдэг уран бүтээл шалгаруулах 30
дахь удаагийн улсын уралдаанд дэд байр, 2018 онд “Н.Жанцанноров сан”-гийн
санаачилгаар, хөгжмийн зохиолч оюутнуудын дунд зохион байгуулсан шинэ бүтээлийн
уралдаанд тэргүүн байр эзэлж байв.