БАЯНХОНГОР: Хүлэмжээс нэг удаагийн хураалтаар 432 кг ногоо хурааж авах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар өрнүүлж буй "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянхонгор суманд хүлэмжийн аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж байна.
Баянхонгор сумын Засаг дарга, БНХАУ-ын Гансу мужийн Жючуань хотын удирдлагуудтай байгуулсан санамж бичгийн хүрээнд байгуулсан 400 м.кв талбай бүхий “Нарлаг” ухаалаг хүлэмжийг Баянхонгор аймгийн "Нийгмийн түншлэлийн сүлжээ" ТББ-ын дэргэд байгуулсан “Хонгорын хөрсний үр шим хоршоо” эзэмшиж ашиглахаар болжээ.
Тус хоршоо сумын ЗДТГ-тай гэрээ байгуулан хүлэмжийг 10 жилийн хугацаатай эзэмшихээр гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Баянхонгор аймгийн "Нийгмийн түншлэлийн сүлжээ" ТББ нь 2007 онд байгуулсан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллага юм.
Тус хоршоо нь Баянхонгор аймагт анх удаа дөрвөн улирлын хүлэмжид өргөст хэмх тарьж, иргэдийг нутгийнхаа хөрсөнд ургасан эрүүл хүнсээр хангахад хувь нэмрээ оруулж эхэллээ. Цаашид олон төрлийн хүнсний ногоо тарихаар төлөвлөжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Баянхонгорынхон өөрийн аймгийн газар зүйн байдал хөрс, ургамалд тохирсон тариалан эрхлэх, түүнтэй уялдуулан өөрийн нөөц бололцоогоор шинэ төрлийн хөрс бордоог гарган авах техник технологийн талаар мэдлэгтэй болж, нутгийн хөрсөнд хүнсний ногоо, жимс жимсгэнээ нутагшуулж ургац арвин байгаа юм.
Сонирхуулахад, Нарны эрчим хүчний хүлэмжийн төслийг энэ оны тавдугаар сараас эхлүүлж, 50х8 м-ийн хэмжээтэй хоёр хүлэмжийг барьж ашиглалтад оруулсан. Тус хүлэмжид жилийн дөрвөн улиралд ногоогоо тарьж, нэг удаагийн хураалтаар 432 кг ногоог хурааж авах боломжтой юм.