ӨМНӨГОВЬ: Соёлын сарыг "Дээдсийн ухааныг дээжлэн өвлөхүй" уриан дор өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-11-09 18:02:23

Даланзадгад, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 11 дүгээр сарыг соёлын бүтээлч сар болгон зарлаж төлөвлөгөөт үйл ажиллагааг зохион байгуулдаг.

 

Өмнөговь аймгийн хэмжээнд "Соёлын бүтээлч сар-2024" аяны нээлтийг 11 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгууллаа.

 

Нээлтэд зориулан "Дээдсийн ухааныг дээжлэн өвлөхүй" уриан дор бахархалт хүмүүн Батмөнх даян хааныг алдаршуулах ажлыг зохион байгуулж 130 гаруй хүн оролцлоо.

 

Өмнөговь аймгийн ХЖТ-ын уран бүтээлчид уран бүтээлээ толилуулсны зэрэгцээ Төрийн шагналт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын шүлэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Н.Жанцанноровын хөгжим “Далай бишрэлт даян хаан” дууг ХЖТ-ын дуучин Э.Цогтбаяр дуулж оролцогчдод сонирхууллаа.

 

Говийн байгаль, түүхийн музейгээс Батмөнх даян хааны үйл хэргийг сурталчлах ажлын түүхэн фото зургийн үзэсгэлэн, музейн боловсролын хөтөлбөрийг зохион байгуулсан бол Төв номын сангаас говь нутгийн түүхийн болон Батмөнх даян хаантай холбоотой хэвлэгдэн гарсан ном бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ.

 

Өмнөговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, “Батмөнх даян хааныг алдаршуулах нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал Л.Батчулуун, С.Сумъяа нар Батмөнх даян хааны үйл хэргийг судлах, сурталчлан таниулах мэдээллийг өглөө.

 

Холбоотой мэдээ