МОНЦАМЭ, Франц пресс агентлаг бодит хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос Францын Франц пресс агентлаг /AFP/-ийн Монгол, Хятадыг хариуцсан хэлтсийн дарга Кател Абивэн, Бизнес хөгжил, хамтын ажиллагааны ахлах менежер Дэннис Ху нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын мэдээллийн ууган агентлагуудын
хооронд хамтран ажиллах өргөн талбар байгааг тэмдэглээд, энэ хүрээнд хоёр тал
санал бодлоо хуваалцсан юм.
Уулзалтын эхэнд МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос
дэлхий даяар мэдээллийн өргөн сүлжээтэй AFP агентлагийн төлөөлөгчид хамтран
ажиллахаар ийнхүү зочилж буйд талархал дэвшүүлээд, нэгэн зууны турш
монголыг дэлхийтэй холбох гүүр байж, монгол орны тухай мэдээ мэдээллийг таван
хэлээр түгээж буй МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагааг танилцуулав. Түүнчлэн
“Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг дэлхий даяар мэдээллийн
өргөн сүлжээтэй Франц пресс агентлагийн Монгол дахь түнш байх, хамтарч ажиллах
бүх боломж хэлбэрийг судалж үзнэ” гэдгийг тэмдэглэлээ.
Хариуд нь, AFP-ийн Монгол, Хятадыг хариуцсан хэлтсийн дарга
Кател Абивэн Франц пресс агентлаг тусгай дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдгийг
танилцуулаад, “Францын засгийн газар төрийн үйлчилгээний үүргээсээ шалтгаалан АFP-тэй
өвөрмөц харилцаатай байдаг. Гэхдээ хэвлэл, Засгийн газар болон бусад салбарын
төлөөлөл багтсан бие даасан зөвлөлийн өмнө хариуцлага хүлээдэг. Ингэснээр тус
агентлагийн хараат бус байдлыг хадгалахын зэрэгцээ дэлхийн хэмжээнд найдвартай,
бодитой мэдээлэх үүргийг гүйцэтгэж ирсэн. AFP өдгөө уур амьсгалын өөрчлөлт,
техник технологийн хөгжил, хүүхэд, залуу үеийнхэнд мэдээ мэдээллээ хүргэх гэсэн
гурван чухал сэдэвт онцгой анхаарч байгаа” тухай сонирхуулав.
Тус агентлагийн Бизнес хөгжил, хамтын ажиллагааны ахлах
менежер Дэннис Ху Абас агентлагийнхаа бас нэг онцлогийг тодотгосон юм. AFP-д хуурамч мэдээллийг хянан нягталж, үнэн
бодит мэдээллийг баталгаажуулж байх үүрэг чиглэлтэй тусгай алба ажилладаг ажээ.
Энэ тусгай алба нь 50 хүний бүрэлдэхүүнтэй, Тик Ток, Мета зэрэг дэлхийн
томоохон аппликейшнуудтай хамтарч ажилладаг юм байна.
Франц пресс агентлаг нь 1835 онд “Хавас агентлаг” нэртэй
байгуулагдаж байсан дэлхийн мэдээллийн ууган агентлаг юм. Одоогоор 150
орны 260 хотод салбартай, 100 гаруй үндэстнээс бүрдсэн 2600 ажилтантай, франц, англи,
араб, португал, испани, герман хэлээр видео, гэрэл зураг, график, дижитал
хэлбэрээр мэдээ мэдээллийг түгээж байна.
Уулзалтын төгсгөлд, МОНЦАМЭ, Франц пресс агентлагууд нэн тэргүүнд, мэдээлэл солилцох, хамтарсан контент бэлдэх, гэрэл зураг солилцох чиглэлээр бодит хамтын ажиллагааг эхлүүлэх боломжтой тухай тохиролцлоо.