Шатарчид Грек, Бразил, Казахстанд ДАШТ, гранприд өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-04 16:55:52

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын шатарчид ойрын өдрүүдэд дотоод, гадаадын тэмцээн уралдаанаар дүүрэн байна.


Тухайлбал, гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул ФИДЕ-ноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн цуврал гранпри тэмцээнд өрсөлдөж байгаа юм. Гранпригийн хоёр дахь цуврал нь Казахстанд болж байгаа бөгөөд манай тамирчин хоёр хожил, хоёр хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлж байна.


Тэгвэл дасгалжуулагч Ц.Батсайханаар удирдуулсан өсвөрийн шатарчид Бразилын Флорианаполис хотод болж буй ДАШТ-д оюун ухаанаа уралдуулж байгаа юм. Тэмцээн 50 хувиа давсан бөгөөд зургаан өргийн дараа хөвгүүдийн U16 Б.Ананд тав, охидын U14 насанд Г.Урангоо долдугаар байрт жагсаж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт аж.


Харин Грекийн Родос хотод их мастер Г.Мөнхгалаар удирдуулсан 27 шатарчин сонирхогчдын ДАШТ-д оролцож байна. Тус тэмцээн 1700, 2000, 2300 хүртэлх гэсэн гурван ангиллаар болж байгаа бөгөөд 53 орны 245 шатарчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээн маргааш өндөрлөх бөгөөд найман өргийн дараахь байдлаар манай дөрвөн шатарчин медалийн болзол хангах магадлал өндөр байна.


Үүнээс гадна рапид болон блиц төрлийн насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөж, медальтнууд тодорсон байна. Тус тэмцээнээс медаль хүртсэн тамирчид ирэх сарын 25-нд АНУ-ын Нью-Йорк хотод болох рапид болон блицийн ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болжээ. 









Холбоотой мэдээ