Үлэг гүрвэлийн үеийн “намгийн амьтны” үлдэгдэл олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-11-04 11:58:40

ДЕНВЕР, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /Interesting Engineering/. Үлэг гүрвэлийн үед амьдарч байсан “намгийн амьтны” чулуужсан ясыг Америкийн палеонтологичид олжээ. Энэхүү эртний хөхтөн амьтны үлдэгдлийг Колорадо муж улсын Рейнжли хотоос илрүүлсэн байна.


Энэ хөхтөн амьтан бараг л заарт харх /ондатр/ шиг хэмжээтэй байсан бөгөөд 70-75 сая жилийн өмнө Колорадогийн намагт амьдарч байсан гэж таамаглаж байгаа ажээ. Энэхүү нээлтийн ачаар судлаачид Цэрдийн галавын сүүл үед тус муж улсад оршин байсан олон янзын экосистемийн талаар ойлголттой болжээ.


Тэд чулуужсан ясыг судалж, шинэ төрөл зүйл болохыг олж тогтоогоод “Heleocola piceanus” гэж нэрлэсэн байна. Цэрдийн галавын сүүл үед хамаарах хөхтөн амьтад Колорадод нэлээд ховор тохиолддог тул эл олдвор чухал ач холбогдолтой юм.


"Колорадо бол чулуужсан олдвор хайхад маш тохиромжтой газар боловч энэ үед хамаарах хөхтөн амьтад нэлээд ховор тохиолддог. Тиймээс эл олдвор Колорадод хадгалагдаж үлдсэнийг харахад үнэхээр таатай байна" гэж тус муж улсын Их сургуулийн Байгалийн түүхийн музейн сээр нуруутан амьтдын чулуужсан олдворын газрын куратор, Геологийн шинжлэх ухааны тэнхимийн профессор Желин Эберл ярилаа.


Цэрдийн галавын сүүл үед манай гараг дээр тиранозаврууд, эвэрт трицератопсын өвөг зэрэг үлэг гүрвэлүүд амьдарч байжээ. Судлаачдын олж илрүүлсэн амьтан нь эдгээр аварга биет амьтадтай харьцуулахад харьцангуй жижиг ажээ. Гэхдээ тэр үеийн хөхтөн амьтдын хувьд “Heleocola piceanus” маш том хэмжээтэй байсан гэж эрдэмтэд үзэж байна. 


66 сая жилийн тэртээ дэлхийг солир мөргөхөөс өмнө хөхтөн амьтад жижиг байсан бөгөөд өнөөгийн хулгана эсвэл хархтай адил хэмжээтэй байсныг судлаачид дурджээ. Харин “Heleocola piceanus” нь биеэр арай том бөгөөд 2 кг орчим жинтэй байсан байна. Энэ амьтан ургамал, шавж, жижиг амьтдаар хооллодог байжээ.

Холбоотой мэдээ