Өмнөд Суданд ширүүн тулаан болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-18 14:59:05

МАЛАКАЛ. /Reuters/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд Суданы засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхний хооронд ширүүн тулаан болсны улмаас наад зах нь 60 хүн амь үрэгджээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас тус улсын хойд нутгийн Малакал хот орчимд ширүүн тулаан өрнөж эхэлсэн байна.

Тулалдааны үеэр босогчдын бүлэглэлийн 56 хүн, засгийн газрын дөрвөн цэрэг амь үрэгджээ.

Тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, засгийн газрыг эсэргүүцэгч хүчин дайрснаар талуудын хооронд ширүүн тулаан өрнөжээ.

Энэ оны дөрөвдүгээр сард байгуулагдсан түр Засгийн газар ажилдаа орсноор дайны хөлд нэрвэгдсэн Өмнөд Суданд энх тайван байдал тогтох нь гэж албаны хүмүүс найдаж байсан юм.

Гэсэн хэдий ч тус улсын армийнхан болон засгийн газрыг эсэргүүцэгч хүчнийхэн долдугаар сараас нийслэл Жуба хотод дахин тулалдаж эхэлсэн билээ. Тулалдааны явцад олон хүн амь үрэгдсээр байна.

Энэ сарын эхээр тус улсын өмнөд нутагт болсон халдлагын үеэр 21 иргэн амь үрэгдсэн юм.

Зэвсгээ нэн даруй хураалгахыг Өмнөд Суданы дайсагнагч талуудын аль алинд НҮБ уриалсаар байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ