Энэ сард улсын цолтнуудыг хамруулсан дөрвөн барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-03 15:15:35

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос арваннэгдүгээр сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах барилдааны хуваарийг зарлалаа.


Өчигдөр Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан болсон. Тэгвэл ирэх бямба гарагт Баянхонгор аймгийн Богд сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын улам нэмэх начин Ч.Баасанхүүгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг зохион байгуулна.


Үүнээс гадна улсын цолтнууд оролцсон гурван барилдаан бөх сонирхогчдыг хүлээж байна. Тодруулбал, энэ сарын 16-нд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, Монгол Улсын арслан О.Аюурын нэрэмжит, 24-нд Монголд ой модны салбар үүссэний 100 жилийн ой, улсын арслан М.Мөнгөний нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаантай. Түүнчлэн 26-нд Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан болно.


Тэгвэл 23-нд сумын цолтон болох залуу бөхчүүдийнх, 30-нд “Хуурнин шуугигч”-ийн 10 жилийн ойд зориулсан хүүхдийн барилдааныг тус тус зохион байгуулах аж. 

Холбоотой мэдээ