Бразилын шоронд дахин 8 хоригдол амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-18 12:39:21

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Бразилын баруун хойд нутгийн Порту-Велью хотын нэгэн шоронд даваа гарагт найман хоригдол амиа алджээ.

Тус улсын Рондониа мужийн Энио дос Сантос гэдэг шоронд хоригдлууд матрас шатаан гал тавьсны улмаас найман хоригдол утаанд хордон амиа алдсан байна.

Шоронгийн захирагчийн мэдэгдсэнээр, гэмт хэрэгтнүүдийн нэгэн бүлэглэлийн толгойлогчийг өрсөлдөгч бүлэглэлийнх нь хяналтад байдаг шорон руу шилжүүлсний дараа энэ хэрэг гарчээ.

Өнгөрсөн ням гарагт Рорайма мужийн шоронд болсон хэрэг дээрх хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж албаны хүмүүс үзэж байна.

Ням гарагт Рорайма мужийн шоронд өөрийгөө “Нийслэлийн нэгдүгээр бүлэглэл” гэж нэрлэсэн гэмт хэргийн бүлэглэл болон түүний өрсөлдөгч болох “Улаан команд” бүлэглэлийн хооронд мөргөлдөөн болсны улмаас 10 хоригдол амь үрэгдсэн гэж албаны хүмүүс мэдэгдсэн юм.

Гэхдээ цагдаа нар анх мэдэгдэхдээ “мөргөлдөөний үеэр 25 хоригдол амиа алдсан” гэсэн билээ.

Тус хоёр шоронг хоёуланг нь хяналтанд авсан гэж цагдаа нар мэдэгдлээ.

Бразил нь хоригдлуудынхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт ордог улс аж. Тус улсын шоронгуудад 620 мянга орчим хүн хоригдож байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ