Францын хөрөнгө оруулалтын томоохон банк Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Франц улсын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөн “MEDEF” (Mouvement des Entreprises de France)-ийн дэргэд байгуулсан Монгол-Францын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч, “Орано” группийн ТУЗ-ийн дарга Клод Имован тэргүүтэй Францын бизнесийн төлөөлөл манай улсад хүрэлцэн ирээд байна.
Францын бизнесийн төлөөлөл
өнөөдөр МҮХАҮТ-д болсон Монгол-Францын бизнес уулзалтын гол зочид байв. Бизнес
уулзалт нь өнгөрсөн жил болсон хоёр орны төрийн тэргүүний харилцан айлчлалын үр
дүнд болж буйг зохион байгуулагч нар тодотголоо. Айлчлалуудын үр дүнд хоёр тал олон
тооны гэрээ хэлэлцээр байгуулсан юм.
Хамгийн сүүлд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн айлчлалын үеэр Монголын бизнесийн төлөөлөл 80 хүн оролцсон хоёр орны бизнес уулзалт болсон.
Тэгвэл энэ удаа хариу уулзалт болж, Франц улсаас 21 компанийн 30 гаруй төлөөлөл Монголд хүрэлцэн ирээд байна.
Тус улсаас банк, санхүү, автомашин үйлдвэрлэл, төмөр замын машин, механизм, барилга, катеринг үйлчилгээ, цөмийн эрчим хүч, дүүжин тээвэр, хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн үржүүлэг, фермерийн эрчимжсэн аж ахуй зэрэг салбар салбарын төлөөлөл иржээ.
Мөн дрон,
сансрын хиймэл дагуул, тэдгээрийг хөөргөх төхөөрөмж, агаарын нисэх хүчний төлөөлөл ирээд
байна. Тэд өнөөдөр Монголын компани, ААН-үүдийн төлөөлөлтэй нүүр тулан уулзаж,
хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силва, Монгол-Францын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч, “Орано” группийн ТУЗ-ийн дарга Клод Имован, ГХЯ-ны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын захирал Г.Өлзийсайхан, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар оролцож үг хэлсэн юм.
Уулзалтын үеэр Монгол Улсаас Худалдаа, хөгжлийн банк Францын хөрөнгө
оруулалт, санхүүгийн, төрийн өмчит “BPIFRANCE” байгууллагатай хамтан
ажиллагааны санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны талаар ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон хэлэхдээ, “BPIFRANCE” нь Францын хөрөнгө оруулалтын том банк. Бид энэ банктай холбоо тогтоох гэж нэлээд олон жилийн хөдөлмөр зарцуулсан. Эцэст нь хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж чадлаа. Ер нь бол манай банкны гадаад харилцаатай 300 гаруй түншийн маань 30 гаруй хувь нь Европын холбоонд байдаг. Тэр дотроо Франц улс тун бага хувийг эзэлж байсан учраас энэ нь стратегийн хувьд чухал хамтын ажиллагаа болох байх гэж найдаж байна” гэсэн юм.
Уулзалтын талаар МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнгээс тодруулбал, “Хоёр талын бизнес зөвлөлийн уулзалтад их олон компани оролцож, хамтарч ажиллах хүсэл сонирхлоо илэрхийллээ. Энэ нь манай улсын бизнес эрхлэгчдэд Франц болон Европыг чиглэсэн хамтын ажиллагаа илүү эерэг, таатай болох хүлээлтийг өгч байна” гэв.
Тэрбээр, “Бид Европ дахь
салбар Танхимаараа дамжуулан Франц болон ойр стратегийн улсуудыг татаж, Монгол
Франц, Европын бизнесийг ойртуулах зорилготой байна. Өнөөдрийн уулзалтад
Францын өндөр зэрэглэлийн том компаниуд ирж оролцож байгаа нь манай улсад ямар
их ач холбогдол өгч байгааг харж байна. Энэ боломжийг нь алдахгүй ашиглах
ёстой.
Учир нь одоогоор, Монгол, Францын худалдаа, хамтын ажиллагаа тэнцвэргүй байдалд байна. Монгол
Улс Францаас 100 гаруй сая ам.долларын бүтээгдэхүүн импортлоод, 25
орчим сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолж байна. Үндсэндээ ноолуур болон
зарим нэг уул уурхайн бүтээгдэхүүнээр хязгаарлагдаж байна” гэсэн юм.
Уулзалтад Монголын талаас “Натур
лэйтер”, “Амьд логистик”, “Шанд Оасис”, “Ариусгал Трэйд”, “Монгол Экспресс”, “Мишээл
Лэгсикон”, “Нормаунт”, “ENKA Global Construction”, “Titanobel
Mongol”, “Лхам Гуа”, “Гүюг аян”, “ТЭСО” групп, ХААН банкны төлөөлөгчид оролцлоо.