Оросууд Алеппод явуулж буй ажиллагаагаа түр зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-18 10:21:20

МОСКВА. /ВВС/. Сирийн Алеппо хотод явуулж буй агаарын довтолгооны ажиллагаагаа түр хугацаагаар зогсооно гэж ОХУ мэдэгдлээ.

Энэхүү "түр зогсолт" пүрэв гарагт орон нутгийн цагаар 08:00-16:00 цагийн хооронд 8 цагийн хугацаанд хэрэгжих ажээ.

Агаарын довтолгооны ажиллагааг түр зогсоохоор тохиролцсон бөгөөд энэ хугацаанд энгийн иргэд болон босогчид хотоос гарах боломжтой гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Харин НҮБ-ын агентлаг мэдэгдэхдээ, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулахад наад зах нь 12 цагийн хугацаа хэрэгтэй гэсэн байна.

"Мөргөлдөөнийг түр хугацаагаар зогсоохыг бид нааштайгаар хүлээн авах болно. Гэхдээ иргэдэд тусламж хүргэхэд илүү урт хугацаа хэрэгтэй" гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдлээ.

Алеппо хот руу хийсэн агаарын дайралтын үеэр нэг гэр бүлийн 14 гишүүн амиа алдсан тухай мэдээлэл тарсны дараа ОХУ дээрх шийдвэрийг гаргасан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ