“Miss Universe 2024” тэмцээнд З.Номинзул оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-25 12:02:48

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. 73 дахь удаагийн “Miss Universe 2024” тэмцээнд манай улсаас өнгөрсөн жилийн үндэсний ялагч З.Номинзул оролцож байна.


Түүний хувьд 19 настай бөгөөд МҮОНТВ-ийн хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилладаг нэгэн. Тэгвэл тус тэмцээний санал хураалт албан ёсоор эхэлжээ. “Voice for Change” номинацид З.Номинзул “Боловсролын тэгш хүртээмж”-ийн асуудлыг хөндсөн бөгөөд ялагч нь “Miss Universe” байгууллагаас санхүүжилт авч, энэ чиглэлд төсөл хэрэгжүүлэх боломжтой болох юм.


Тэрбээр  “Miss Universe Mongolia 2023” тэмцээнд үндэсний ялагчаар тодорсон ч олон улсад насанд хүрээгүй гэх шалтгаанаар оролцоогүй аж. Харин “Miss Universe Mongolia” хүсэлт тавьснаар З.Номинзулыг 2024 оны тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцуулахаар баталгаажуулжээ. Түүний хувьд 19 настай бөгөөд мисс М.Бадамгэрэлийн академид харъяалагддаг байна.


З.Номинзул нь Булган аймгийн Могод суманд төрж өссөн малчин айлын охин. Иймд танилцуулгадаа “Монгол орны нүүдэлчин ахуй соёлоороо онцгойрон ялгарч, дэлхийн тайзнаа Монгол Улсаа таниулна” хэмээн бичжээ.


“Miss Universe 2024” тэмцээний урьдчилсан шалгаруулалт ирэх сарын 15, харин эцсийн шатных Улаанбаатарын цагаар ирэх сарын 17-ны 09:00 цагт эхэлнэ. Мексикийн Мехико хотод болох энэхүү тэмцээнийг МҮОНТВ албан ёсны эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулах аж.  

Холбоотой мэдээ