Филиппиний Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-18 10:00:41

МАНИЛА. /NHK/. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн Хятадад хийх дөрвөн өдрийн айлчлал өнөөдөр эхэлнэ.

Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Филиппиний Ерөнхийлөгч болсноос хойш анх удаа Хятадад айлчлах гэж байна.

Өнгөрсөн долдугаар сард Гаагийн арбитрын шүүх Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хэлэлцээд, Хятадын нэхэмжлэлийг үл хэрэгсэн, Филиппиний талд шийдвэр гаргасан билээ.

Филиппиний Засгийн газар шүүхийн энэ шийдвэрийг Хятадтай хэлэлцээ хийж эхлэх суурь гэж үзэж байгаа боловч хятадууд уг шийдвэрийг эсэргүүцэж, энэ нь хэлэлцээг эхлүүлэх урьдчилсан нөхцөл биш гэж үзжээ.

Хятадын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, газар нутгийн маргаанд Филиппин ямар ч буулт хийхгүй гэж Дутерте онцлон тэмдэглэсэн боловч тэрбээр, Өмнөд Хятадын тэнгист Хятадтай хамтран ажиллаж, тус улсаас эдийн засгийн тусламж авах бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ