“Цахим эрүүл мэнд” төслийн явцын талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-10-17 17:56:14

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Дэлхийн банкны Суурин төлөөлөгч  Жеймс Андерсон, Ахлах эдийн засагч Апарнаа Соманатан болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа “Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжилтийг үнэлэх Дэлхийн банкны баг Монгол Улсад ажиллаж байгаа талаар танилцуулав.

Эрүүл мэндийн сайд тус төслийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглээд уг төсөл нь ижил төстэй бусад төсөлтэй харилцан уялдаатай хэрэгжих талд анхаарч ажиллахыг зөвлөлөө.

Энэхүү төслийн хэрэгжилтийг үнэлэх Дэлхийн банкны багийн ахлагч Апарнаа Соманатан өнгөрсөн өдрүүдэд орон нутагт томилолтоор ажиллаж, эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, өрхийн болон сумын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн техник тоног төхөөрөмжийн болон мэдээллийн техникийн хангалт, эрүүл мэндийн мэдээллийн урсгалын өнөөгийн байдлыг газар дээр нь үзэж танилцсан нь чухал ач холбогдолтой болсон талаар Эрүүл мэндийн сайдад танилцуулаад төслийн явц, тулгарч буй асуудлын талаар харилцан санал солилцов.

Уулзалтын төгсгөлд сайд А.Цогцэцэг төслийн хэрэгжилтийг хангаж ажиллахад бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ