Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын форумд хүндэт зочноор оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-13 10:58:59

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистанд хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь” олон улсын форумд хүндэт зочноор оролцож, нээлтийн үйл ажиллагаанд үг хэллээ.


Энэхүү форумыг Туркменистаны төр, Засгийн газраас тус улсын нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойд зориулан зохион байгуулжээ. Форумд Армени, Иран, Казахстан, Киргиз, Пакистан, Орос, Тажикистан, Узбекистан  зэрэг улсын төрийн тэргүүн болон Азербайжан, Ирак, Турк улсаас өндөр түвшинд төлөөлөгчид мөн оролцов.


Монгол Улсын Ерөнхийлөгч форумын хүрээнд зарим улс орны төрийн тэргүүнтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.


Нэрт яруу найрагч Махтумгулы Фрагигийн бүтээлүүд нь Туркменийн ард түмний эв нэгдэл, найрамдлын үзэл санаан дээр суурилсан бөгөөд өнөөг хүртэл залуу үеийнхний эх оронч үзэл, ёс суртахууны хүмүүжлийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй талаар судлаачид тэмдэглэсэн байна.

2023 онд ЮНЕСКО-гоос Туркменийн яруу найрагч, сэтгэгч Махтумгулы  Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх тогтоол гаргаж, түүнийг “Дэлхийн дурсамж”-ийн бүртгэлд оруулсан аж. 







Холбоотой мэдээ