АНУ-ын Потомакийн их сургуультай хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-09 11:55:10

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. НЗДТГ, АНУ-ын Потомакийн их сургууль өнгөрсөн оны 10 дугаар сард хамтран ажиллах санамж бичиг байгуулсны хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны тухай хэлэлцэхээр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар АНУ-ын Потомакийн их сургуулийн ерөнхийлөгч Андреа Кемп-Кертис болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзав.


Потомакийн их сургууль нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдыг хоёр ээлжээр АНУ-д хүлээн авч, мэдлэг, чадварыг нь дээшлүүлэх сургалт зохион байгуулсан. Удахгүй 3 дугаар ээлжийн албан хаагчид АНУ-ыг зорих бэлтгэлээ хангаж байгаа аж.


Түүнчлэн, Потомакийн их сургуультай төрийн албан хаагчдыг хэлний бэлтгэлд хамруулах, магистр, докторт сургах, сургуулийн болон бусад тэтгэлэгт хамруулах тухай хэлэлцлээ. Төрийн албан хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлснээр нийслэлийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа П.Хадбаатар илэрхийлжээ.


Потомакийн их сургуулийн сургалтын чиглэл нь менежмент, мэдээллийн технологи, бизнесийн шинжлэх ухааны салбар бөгөөд эдгээр чиглэлд хамтран ажиллах боломж, Улаанбаатар хотыг иргэнд ээлтэй, ногоон хөгжлийг түүчээлсэн, ухаалаг хот болгон хөгжүүлэхэд хамтран ажиллах хэлэлцээрийг амжилттай өрнүүлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 


АНУ-ын Потомакийн их сургуулийн төлөөлөгч нар өнгөрсөн онд Улаанбаатар хотод айлчлах үеэр нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагч нарт “Ухаалаг хот ба орон зайн мэдээллийн технологи” семинар зохион байгуулж, дэлхийн хотуудад тулгамдаж буй асуудлыг шийдсэн сайн туршлагаас хуваалцсаныг Потомакийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн декан, Бизнесийн ухааны доктор Сергей Андроников уулзалтын үеэр дурджээ.

 

 

 

Холбоотой мэдээ