О.Баасанхүү: “Эрдэнэтийн хөгжлийн сан”-г байгуулах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-17 12:23:35

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг Монголын талд шилжүүлсэнтэй холбоотой олон хардлага иргэдийн дунд бий болсон учраас холбогдох байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллах ёстойг онцлов.

УИХ-ын дарга болон Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт хандан 4 шаардлага тавьж буйгаа энэ үеэр мэдээлэв. Тодруулбал, УИХ-аас ажлын хэсэг байгуулж, Засгийн газарт чиглэл өгсөн УИХ-ын тогтоолыг батлах, 1990 оноос хойш өнөөг хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан үе үеийн удирдлагуудыг хууль, хяналтын байгууллагууд шалгах, хуучин авч байсан зээлийг хариуцаж төлөх асуудлыг тодорхой болгож шийдэх, “Стандарт” банктай холбогдон нэр дурдагдаад буй гадаад, дотоодын иргэдийг шалгаж, олон нийтийн дунд хардлага төрүүлээд байгаа асуудлын үнэн худлыг тогтоох нь зүйтэй хэмээн үзэж буйгаа  илэрхийлсэн юм.

Мөн “Эрдэнэтийн хөгжлийн сан”-г байгуулж, тус үйлдвэрийн улсын төсөвт өгдөг татвараас тодорхой хувийг төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэснээр Орхон аймгийн иргэд аливаа эрсдлээс хамгаалагдах боломжтой болохыг гишүүн О.Баасанхүү хэллээ.

Холбоотой мэдээ