Ажил хаягчидтай хэлэлцээ хийхийг Samsung-ийн удирдлага зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-10-07 15:54:23

ШИНЭ ДЕЛИ, 2024 оны аравдугаар сарын 7 /Press Trust of India/. “Samsung India Electronics” компанийн удирдлагууд өнгөрсөн сарын эхнээс хойш ажил хаяж буй Энэтхэгийн Тамилнад муж дахь үйлдвэрийнхээ ажилчидтай хэлэлцээ хийхийг зөвшөөрчээ. 


“Бид цалин, тэтгэмж, ажиллах нөхцөл гэх зэрэг бүх асуудлыг нүүр нүүрээ харан хэлэлцэх замаар шийдэхийг зорьж байна. Ажил хаясан ажилчдыг бид ажилдаа эргэн орохыг уриалж байна” гэж компанийн төлөөлөгч мэдэгджээ. Түүний хэлснээр, тус компани ажил хаягчидтай хэлэлцээ хийх шийдвэрийнхээ талаар Тамилнад мужийн Засгийн газарт мэдэгдсэн байна. Мужийн эрх баригчид ажил хаялтыг аль болох хурдан зогсоохыг шаардаж байгаа юм.


Ажил хаясан ажилчид цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын цагийг богиносгох асуудлыг хурдан шийдвэрлэхэд Тамилнадын эрх баригчдыг хөндлөнгөөс оролцуулахын тулд өнгөрсөн долоо хоногт нэг өдрийн өлсгөлөн зарлажээ. Өлсгөлөн зарлахыг Энэтхэгийн үйлдвэрчний эвлэлийн төв (CITU) дэмжиж, ажилчдын тавьж буй шаардлагуудыг бүрэн биелүүлэх хүртэл ажил хаялтыг үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.


Энэтхэг дэх “Samsung” -ын охин компанийн Сриперумбудур хот дахь үйлдвэрийн ажилчдын ажил хаялт есдүгээр сарын 9-нөөс эхэлжээ. Ажил хаялтад тус компанийн 1750 ажилтны 1100 нь оролцож байна. Тэд сарын 25 мянган энэтхэг рупигийн (300 орчим доллар) цалинг 36 мянга болгон нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулж, ажлын цагийг багасгахыг шаардаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ