ОУВС Засгийн газарт зөвлөмж өгч хамтран ажиллахаа илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-10-05 14:11:31

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын валютын сан (ОУВС)-гийн дэд тэргүүн Кенжи Окамураг өчиглөр хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Ерөнхий сайд өнгөрсөн 30 гаруй жилд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, эдийн засгийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.  Хамтарсан Засгийн газрын нэн тэргүүний зорилт бол эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалж, илүү хурдан, эрчимтэй хөгжлийг бий болгох явдал юм гэдгийг онцлоод бүсчилсэн хөгжлийн шинэ төлөвлөлтийг хийж,  хөгжлийн 14 мега төсөл, нийгэм, эдийн засгийн 14 реформыг хэрэгжүүлэхээр зорьж байгааг хэллээ.


Монгол Улсын ДНБ 2021 оноос хойш  жил бүр 1000 ам.доллараар нэмэгдэж, 2023 онд 6000 ам.доллар давсан бол энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэг хүнд ногдох ДНБ 6800 орчим ам.долларт хүрэхээр тооцоолж байна. Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрчим хүчний салбарыг шинэчлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгааг онцлов. Эдгээр ажлыг хийхэд тус сангийн зөвлөгөө чухлыг тэмдэглэлээ.



ОУВС-гийн дэд тэргүүн Кенжи Окамура Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого үргэлжлэн хэрэгжиж, улс төрийн болон эдийн засгийн тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдсэнийг сайшаалаа.


Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас тавьж буй макро эдийн засгийн зорилт, арга хэмжээ, реформыг хэрэгжүүлэхэд ОУВС дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгийг онцлов. Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй эрчим хүч, бүсчилсэн татварын реформыг эдийн засгийн эрсдэл, сөрөг нөлөө багатай, үр дүнтэй хийх талаар зөвлөмж өгч хамтран ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ