Дэлхийн “Сансрын долоо хоног” эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-04 13:41:13

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг “Сансрын долоо хоног” Монголд эхэллээ.


Энэ жил “Сансар ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд эл өдрийг өнгөрүүлэх бөгөөд Улаанбаатарын хотын “Юү Жи Арена” болон 21 аймагт нэгэн зэрэг тэмдэглэж байна. 5000 төгрөгийн такстай энэхүү үйл ажиллагаанд зочилсноор Монголд цор ганц байх нүүдлийн планетариумыг сонирхох, сансарт ил захидал илгээх, өөрийн гараар пуужин хийж хөөргөх, сансрын нисэгчийн шалгалт өгөх, сансарт гарах жингүйдлийг мэдэрч үзэх, цаасан онгоцны мастер болох, сансрын гэрэл зургийн үзэсгэлэн, дрон нисгэж үзэхээс гадна хиймэл дагуул, сансрын судалгааны талаар монгол инженерүүдийн талаар мэдээлэл авах боломжтой.


Түүнчлэн “Вояажер 1” дээр байрлуулсан Golden record буюу алтан пянз дээрх дуу авиаг сонсох аж. Алтан пянз нь 1977 онд NASA-гаас хөөргөсөн Voyager 1 болон Voyager 2 сансрын хөлөгт байрлуулан огторгуйн уудамд илгээсэн дэлхий дээрх амьдрал, хүн төрөлхтний түүх, соёл, шинжлэх ухаан болон бусад мэдээллүүдийг агуулсан зурвас бүхий пянз юм. Voyager1-ийн 40 жилд зориулан гаргасан “Voyager Golden Record” пянз Монголд цор ганц байдаг бөгөөд энэ нь “Сансрын долоо хоног”-ийн онцлох үзмэрт зүй ёсоор тооцогдоно.






 

Холбоотой мэдээ