Хиймэл оюуныг хөгжүүлэхэд атомын эрчим хүчийг ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-10-04 11:21:38

ТОКИО, 2024 оны аравдугаар сарын 4 /Nikkei/. Мэдээллийн технологийн “Google” компани хиймэл оюун ухааныг (AI) хөгжүүлэхэд, түүнчлэн агаар мандалд ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийг (CO2) бууруулахын тулд атомын цахилгаан станцад (АЦС) үйлдвэрлэсэн эрчим хүчийг ашиглах боломжийг судалж байна гэж компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичаи “Nikkei Asia” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. 


Түүний хэлснээр, "Google"-ийн идэвхтэй хөгжүүлж буй AI технологи нь "асар их хэмжээний эрчим хүчний нөөц" шаарддаг, гэтэл тус компани 2030 он гэхэд CO2 ялгаруулалтыг тэглэх зорилт тавьсан тул нүүрстөрөгч ялгаруулдаггүй эрчим хүчний эх үүсвэрийг эрэлхийлэх шаардлагатай байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан тус компани "АЦС-аас цахилгаан эрчим хүч шууд худалдан авч", мэдээлэл боловсруулах төвүүдээ эрчим хүчээр хангах, мөн нарны эрчим хүч, жижиг модульчлагдсан цөмийн реакторуудын технологид нэмэлт хөрөнгө оруулах асуудлыг судалж эхэлсэн байна.


Гэхдээ АЦС-ын цахилгаан эрчим хүчийг хэзээ, хэнээс худалдан авахаар төлөвлөж байгаа талаар гүйцэтгэх захирал тодорхой зүйл хэлсэнгүй. 


Энэ оны гуравдугаар сард "Amazon" компани АЦС-ын эрчим хүчийг ашиглахаар шийдвэрлэсэн байна. Мөн "Microsoft" компани Пенсильвани дахь "Three Mile Island" АЦС-ын үйлдвэрлэсэн эрчим хүчийг худалдан авч эхэлнэ гэдгээ есдүгээр сард мэдэгджээ.

Холбоотой мэдээ