Грекийн парламент Засгийн газартаа итгэл үзүүллээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-08 15:20:13

АФИН. /TASS/.  Грекийн парламент Алексис Ципрас тэргүүтэй Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалаа. Хэт зүүний үзэлт СИРИЗА эвсэл болон “Хараат бус грекчүүд” намын парламент дахь эвслийн 155 депутат Ципрасын Засгийн газарт итгэл үзүүлэхийг дэмжжээ.

Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт нь Грект парламентын сонгууль болон сайд нарын шинэ танхимыг бүрдүүлсний дараа явагддаг тогтсон журам юм.

Алексис Ципрас Грекийн Ерөнхий сайдын хувиар есдүгээр сарын 21-нд тангараг өргөсөн билээ. СИРИЗА эвсэл өнгөрсөн ням гарагт болсон тус улсын ээлжит бус парламентын сонгуульд 35.46 хувийн санал авч ялснаар, засгийн эрхэнд дахин гарсан юм.

Ципрас өнгөрсөн наймдугаар сарын 20-нд огцрох тухайгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр намын дотор үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна. Грект хэрэгжүүлэх зээлийн шинэ хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээтэй холбоотой хуулийн талаар парламентад долоо, наймдугаар сард санал хураалт явуулах үед СИРИЗА-гаас сонгогдсон депутатын дийлэнх нь Засгийн газрын бодлогыг дэмжихээс татгалзсан юм. Үүний улмаас эрх баригч эвсэл парламентын цөөнхид найдахаас аргагүйд хүрч, сөрөг хүчний дэмжлэгтэйгээр уг баримт бичгийг баталжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ