“Монгол-Вьетнамын харилцаа 70 жил: Ололт амжилт ба хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурал Ханой хотноо болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол, Вьетнам Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ШУА, Вьетнамын Нийгмийн шинжлэх ухааны академи хамтран “Монгол-Вьетнамын харилцаа 70 жил: Ололт амжилт ба хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурлыг Ханой хотноо энэ сарын 12-ны өдөр зохион байгуулав.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж Вьетнамын Нийгмийн шинжлэх
ухааны академийн дэд ерөнхийлөгч, дэд профессор, доктор Нгуен Дык Минь, Монгол
Улсын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, профессор
Ц.Цэрэндорж, Монгол Улсаас БНВСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Ж.Сэрээжав нар үг хэлэв.
Вьетнамын Нийгмийн шинжлэх ухааны академиас “Вьетнам, Монголын улс төр-гадаад харилцаа болон аюулгүй байдал-батлан хамгаалахын салбарын харилцаа”, “Вьетнам, Монголын эдийн засгийн харилцаа” сэдвээр, Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Вьетнам судлалын төвийн захирал дэд профессор, доктор Б.Цэнгэллхам “Монгол, Вьетнамын улс төрийн харилцаа” сэдвээр илтгэл тавьж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн 70 жилийг дүгнэн, цаашдын хамтын ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хуралд оролцсон зочид, төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн
эрхт Элчин сайд Ж.Сэрээжав “2023 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч
У.Хүрэлсүх БНСВУ-д төрийн айлчлал хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг
“иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх санаачилгыг гаргаж, өнгөрсөн 70 жилийн
харилцаагаа дүгнэж, шинэ үеийн харилцааны эхлэлийг тавьсныг онцлов. Мөн тэрбээр
Бүгд Найрамдах Вьетнам Улсыг АСЕАН-ы бүс нутаг дахь чухал түнш, Монгол Улс өөрийн
“гуравдагч хөрш”-ийн нэг гэж үздэгийг тэмдэглэв.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр Элчин сайд Ж.Сэрээжав
“Монголын нууц товчоо” бүтээл вьетнам хэлээр хэвлэгдэн гарсныг хоёр орны
эрдэмтэн судлаачдад танилцуулж, бүтээлийн дээжийг өгч, судалгаа эрдэм шинжилгээний
ажилдаа улам түлхүү ашиглан түгээн дэлгэрүүлэхийг хүсэв.
Вьетнамын Нийгмийн шинжлэх ухааны академиас 2002 оноос хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эхлүүлэн хийж ирсэн Олон улс судлалын хүрээлэнгийн Вьетнам судлалын төвийн захирал дэд профессор, доктор Б.Цэнгэллхамд “Нийгмийн шинжлэх ухааны үйлсийн төлөө” медалийг гардуулав.
Эрдэмтэн судлаачид хоёр улсын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн авч явах залуу хойч үеийг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй байгаад санал нэгдэв. Энэ удаагийн хуралд Вьетнамд суралцаж байгаа монгол оюутнууд оролцов гэж Монгол Улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ мэдээллээ.