ӨМНӨГОВЬ: Ноён сэврэй хийцийн мөнгөн аяга урлаач А.Цоож шилдгийн шилдэг оролцогчоор шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-09-15 15:32:17

Даланзадгад, 2024 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт уламжлал болон зохион байгуулдаг “Говь фестиваль-2024” есдүгээр сарын 13-14-ний өдөр болж, дөрвөн аймгийн 500 гаруй бизнес эрхлэгч оролцлоо.

 

Орон нутагт зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, сурталчлах, бизнес эрхлэгчдийн зах зээлийг өргөжүүлэх зорилготой үзэсгэлэн худалдаанд иргэд цагаан идээ, гар урлал, үндэсний үйлдвэрлэл, тэмээний ноос, сүү, сүүн бүтээгдэхүүнээр оролцож байна.

 

Энэ жилийн хувьд говь нутгийн онцлогийг шингээсэн, дэвшилтэт технологийг ашиглаж шинэ санаа хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг шалгаруулж байгаагаараа онцлогтой боллоо.






“Говь фестиваль” үзэсгэлэн худалдааны шилдгийн шилдэг оролцогчоор ноён сэврэй хийцийн мөнгөн аяга урлаач А.Цоож тодорсон бол Байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр Хүрмэн сум иргэн А.Мөнхбаясахын суран эдлэл, онцлох шинэ бүтээгдэхүүнээр “Удмын туршлага” ХХК-ийн “Говийн амт” бүтээгдэхүүн, шилдэг газар тариаланчаар Даланзадгад сумын иргэн Д.Цэцэгдэлгэр, үндэсний өв соёл уламжлал шингээсэн бүтээгдэхүүнээр мөн сумын иргэн Б.Нарантуяа, шилдэг гарааны бизнес эрхлэгчээр “Сэц гангараа” ХХК-ийн 19 брэнд, шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэгчээр Номгон сумын “Зизи” гар урлан, шилдэг зохион байгуулалттай оролцсон сумаар Ханхонгор, хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр Баяндалай сумын сүү, цагаан идээ үйлдвэрлэгч Ж.Хишигмаа нар шалгарлаа.

 










Холбоотой мэдээ