“Боко Харам” бүлэглэлд барьцаалагдсан зарим охидыг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-14 10:02:10

АБУЖА. /ВВС/. 2014 онд Нигерийн Чибок хотод “Боко Харам” бүлэглэлийн босогчдод барьцаалагдсан сургуулийн сурагч охидын 21-ийг нь сулласан тухай тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Гарба Шеху мэдэгдэв.

“Боко Харам” бүлэглэл болон Засгийн газрын хооронд хийсэн хэлэлцээний үр дүнд эдгээр охидыг сулласан болохыг Гарба Шеху мэдэгдлээ.

“Боко Харам” бүлэглэлийн босогчид Нигерийн зүүн хойд нутгийн Чибок хотын сургуулиас 270 гаруй охидыг хулгайлсан нь олон улсад жигшил дургүйцэл төрүүлсэн билээ.

Уг хэрэгтэй холбоотойгоор твиттер хуудсаар “#BringBackOurGirls” буюу “бидний охидыг буцаан авчир” гэсэн жиргээ тархсанаар дэлхий даяар нийгмийн сүлжээгээр охидыг суллахын төлөөх кампанит ажил өрнөсөн юм.

Олон улсын Улаан загалмайн хороо болон Швейцарийн Засгийн газар “Боко Харам” бүлэглэлтэй хийсэн хэлэлцээнд зуучлагчаар оролцсон бөгөөд хэлэлцээ үргэлжилж байна гэж Гарба Шеху твиттер хуудсаараа мэдэгджээ.

Суллагдсан охид удахгүй Абужа хотод ирэх бөгөөд тэднийг сэтгэл зүйчид, эмч нараас бүрдэх баг хүлээн авч, шинжилгээ хийнэ гэж Нигерийн Мэдээллийн сайд Лай Мохаммед хэллээ.

Энэ бол солилцоо биш, охидыг суллаж байгаа явдал бөгөөд энэ нь уйгагүй хэлэлцээ болон хоёр талын итгэлцлийн үр дүн юм гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ