БАЯН-ӨЛГИЙ: Алтай Таван богдын мөсөн голуудад судалгаа хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Мөстөл судлалын салбарын Алтай таван богд дахь энэ жилийн ээлжит судалгааны ажил дууслаа.
Судалгааг зургаадугаар сарын 24-нөөс энэ сарын 5-ны өдрийг хүртэл нийт 76 хоног хийсэн бөгөөд өндөр уулын уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, мөстөл, мөсөн голуудын хайлалт, огшилт, хуримтлалын ажиглалт, мөн Потанин, Александрын мөсөн голуудаас эх авч урсаж буй Цагаан голын ус зүйн ажиглалтуудыг тус тус хийжээ.
Мөстөл судлалын салбарын инженер Б.Сержумагийн өгсөн мэдээллээр өнгөрсөн өвөл Алтай таван богд орчимд цас их орсон боловч дулааны улиралд их хэмжээгээр хайлжээ. Үүний улмаас Цагаан голын усны түвшин ч их байсан.
Мөн агаарын температураас шалтгаалан хуримтлалын бүсэд хайлалт их ажиглагджээ. Уулын 4080 м өндөрт байрлах хуримтлалын бүсийн хамгийн дээд шонгийн цас энэ жил 213 см, мөсөн голын дээд хэсэг 251 см, доод хэсэг 392 см тус тус хайлсан байна.
Ташрамд дурдахад, Потанины мөсөн голын мөсний зузаан зах орчимдоо 50-70 м, мөсний дунд хавиар 150-170 м, дээд хэсгээр 220-280 м орчим байгаа. Мөн мөсөн голын урт нь 1905-2022 он хүртэлх 117 жилийн хугацаанд 970 метр богиноссон нь өмнөх судалгаануудаар тогтоогдсон. GPS-ийн мэдээллийг ашиглаж жил бүр хийсэн хэмжилтээр 2010-2015 онд 65-70 м, 2015-2017 онд 26 м, 2017-2020 онд 30-37 метр дээшээ шуугджээ. Сүүлийн 9 жилийн хугацаанд 126 метр дээшээ хайлж богиноссон байна.
Түүнээс гадна мөсөн голд хэмжүүр хийх зорилгоор
байршуулсан шонгууд жил бүр 2-4 метр доошоо урсаж гулсдаг болох нь тогтоогдсон
билээ.