СҮХБААТАР: Хэлмэгдэгсдэд зориулсан хөшөө босголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Уулбаян суманд хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө босголоо. Тус суманд хэлмэгдүүлэлтэд өртсөн 100 орчим иргэн байжээ.
Уг хөшөөг Уулбаян сумын уугуул чөлөөт уран бүтээлч Ч.Эрдэнэбилиг бүтээсэн байна.
Хөшөөний нээлт болон хэлмэгдэгсдийг хүндэтгэх үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга А.Чулуунбат, сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцов.
Мөн энэ өдөр аймгийн ИТХ-ын ажлын албанаас Монгол Улсын Eрөнхий сайд асан Цэнгэлтийн Жигжиджавын хөшөөнд цэцэг өргөх, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх, ЕБС-ийн сурагчдад мэдээлэл өгөх зэрэг ажлыг зохион байгуулжээ.