ДАРХАН-УУЛ: Хөгжлийн бэрхшээл гэдэг үгэнд зааг үүсгэхгүйгээр хүүхдийн хөгжилд анхаарахыг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-10 15:48:03

Дархан 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. "Нарны сахиусан тэнгэрүүд" ТББ-ын санаачилгаар Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн ЗДТГ, Хүний эрхийн үндэсний комисс хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчдын зөвлөгөөн”-ийг энэ сарын 7-ны өдөр зохион байгууллаа.




Тус зөвлөгөөн нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчдыг чадавхжуулах, тэдний эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын хүрээнд дэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.


Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд тулгамдаж буй асуудлаа хүргэх зорилготой зохион байгуулсан уг зөвлөгөөнд Дархан-Уул аймгийн дөрвөн сумын 60 гаруй асран хамгаалагч оролцлоо. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан уригдан оролцов.




Зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг орон нутгийн бодлогын түвшинд хэрэгжүүлэх үүднээс аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган ажиллахыг зорьж байгаа юм.


Хамгийн чухал асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй болсон цагаас эхлэн асран хамгаалагчдад олон асуудал тулгардаг. Эцэг, эх, асран хамгаалагчийн өмнө болон нийгэмд тулгардаг бэрхшээлийг хэнд хандаж шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэхээс эхлэн нийгмээс хөндийрдөг байдалд төр засгаас хэрхэн анхаарах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэгш хүртээмжтэй бус байдаг зэрэг нь хамгийн ихээр тохиолддог бэрхшээл гэж оролцогчид онцоллоо.




Тиймээс томоор харах бус зөвхөн орон нутагтаа боломжоо ашиглан жижиг зүйлээс тулгамдсан асуудлыг шийдвэрлэж төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулж, иргэн төвтэй байж хөгжлийн бэрхшээл гэдэг үгэнд зааг үүсгэхгүйгээр хүүхдийн хөгжилд анхаардаг байхыг тэд хүсэж байна гэв.

 

Холбоотой мэдээ