"Huawei"-н шинэ гар утасны урьдчилсан захиалга 3 саяас давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2024-09-10 15:50:06

БЭЭЖИН, 2024 оны есдүгээр 10 /Reuters/. “Huawei” компанийн гурав нугарч эвхэгддэг "Mate XT" загварын шинэ ухаалаг гар утасны урьдчилсан захиалгын тоо 3 саяас давжээ. Урьдчилсан захиалга есдүгээр сарын 7-нд эхэлсэн бөгөөд эхний нэг цагийн дотор 190 мянгаас давсан байна.


Урьдчилан захиалгын тоо ийм өндөр байгаа нь “Huawei” компани АНУ-ын хоригийг даван гарах чадвартай харуулж байгаагийн сацуу “Apple” компанийн гол өрсөлдөгч болох тус компанийн байр суурийг нь бэхжүүлж байна хэмээн шинжээчид дүгнэж байна. Энэ оны эхээр “Apple” компани зах зээлд эзлэх хувиа хадгалахын тулд ухаалаг гар утаснуудынхаа үнийг хямдруулжээ. “Huawei Mate XT” загварыг есдүгээр сарын 20-ноос худалдаанд гаргах ажээ. "Apple" компани "iPhone 16" гар утсаа өчигдөр танилцуулсан бол өнөөдөр "Huawei" компани шинэ гар утсаа танилцуулсан юм. 


"Canalys" судалгааны байгууллагын мэдээлснээр, энэ оны хоёрдугаар улиралд "Apple" Хятадад ухаалаг гар утас үйлдвэрлэгч хамгийн том таван компанийн тооноос хасагджээ. Энэ нь дотоодын үйлдвэрлэгчид эхний таван байрыг эзэлсэн анхны тохиолдол болохыг шинжээчид онцолсон байна. "Huawei" дурдсан хугацаанд Хятадын зах зээлд 10.6 сая ширхэг ухаалаг утас нийлүүлснээр дөрөвдүгээрт жагссан бол "Apple" 10 сая утас нийлүүлсэн байна.


“Apple” компани “iPhone”-ы эвхэгддэг хувилбарыг 2026 онд гаргахаар бэлтгэж байгаа тухай “The Information” сонинд өнгөрсөн долоодугаар сард хоёр эх сурвалжийг эш татан бичжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, уг  гар утас нь хавтас шиг эвхэгддэг бөгөөд 2020 онд гарсан “Samsung Galaxy Z Flip” утастай төстэй байх ажээ. 


“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятад дахь “iPhone” -ы борлуулалт 19 хувиар унасан нь 2020 оноос хойших хамгийн доогуур үзүүлэлт болжээ. 

Холбоотой мэдээ