Уур амьсгалын асуудлаарх Хятад, Америкийн ажлын хэсэг хуралджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-09-09 10:05:08

БЭЭЖИН, 2024 оны есдүгээр сарын 8 /Xinhua/. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлаарх Хятад-Америкийн ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурал Бээжин хотод есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн хурлаар уур амьсгалын хямралыг даван туулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх байв.


БНХАУ-ын Экологи, байгаль орчны яамнаас ням гарагт мэдээлснээр, тус хурлыг Хятадын уурын амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч Лю Жэньминь, АНУ-ын Ерөнхийлөгчийн цаг уурын бодлого хариуцсан ахлах зөвлөх Жон Подеста нар хамтран даргалсан байна.


Хурлын үеэр хоёр улсын 2030 он хүртэлх үндэсний хэмжээнд тодорхойлсон бодлого /NDC/, 2035 он хүртэлх NDC-ийг боловсруулах талаар хэлэлцжээ.


Талууд ажлын хэсгийн хүрээнд техникийн болон бодлогын асуудлаар санал солилцов. Тодруулбал, эрчим хүчний шилжилт, метан хий, эргэлтийн эдийн засаг ба нөөцийг үр ашигтай ашиглах, нүүрстөрөгч багатай, тогтвортой аймаг/муж улс, хотуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хятад, АНУ-ын төлөөлөгчид санал бодлоо үргэлжлүүлэн солилцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.


Төлөөлөгчид мөн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Суурь Конвенцод (COP29) оролцогчид талуудын 29 дүгээр бага хурлыг даргалж байгаа Азербайжан улстай хамтран метан ба CO2-той холбоогүй бусад хүлэмжийн хийн асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулахад бэлэн байгаагаа дахин нотолжээ. 


Хоёр тал  яриа хэлэлцээг цаашид бэхжүүлэх, хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, мөн COP29-ийг амжилттай зохион байгуулахад Азербайжан улсад дэмжлэг үзүүлэхийн тулд бусад талтай хамтран ажиллахаа илэрхийлэв.


COP29 энэ оны 11 дүгээр сард Азербайжан улсад болно. 

Холбоотой мэдээ