ТӨВ: “Шинэ мах” аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-09-06 17:31:58

Зуунмод, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. “Шинэ мах-2024” аяныг 9 дүгээр сарын 9-нөөс 10 дугаар сарын 9-ний өдөр хүртэл Төв аймгийн Зуунмод хотын Номт 1 дүгээр багийн Хуучин микроны буудалд зохион байгуулна.


Шинэ мах худалдах аянд ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан, Төв аймгийн малчид, мал бүхий иргэд оролцох юм.


Тус худалдаа нь Зуунмод сумын иргэдийн хэрэгцээ шаардлага, хүсэлтэд тулгуурласан байх бөгөөд гарал үүсэл тодорхой эсэхэд мэргэжлийн байгууллага өдөр бүр хяналт тавин ажиллахаар болжээ. Энэхүү аяныг зохион байгуулснаар иргэд нэг килограмм махнаас 2000-5000 төгрөг хэмнэхээр тооцсон байна.


Оролцох хүсэлтэй иргэд мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ, ариун цэврийн магадлан шинжилгээний бичигтэй байхыг зохион байгуулагчид сануулав. Мөн нэг удаагийн малгай, бээлий, хормогч өмсөж, орчныг бохирдуулахгүй, ахуйн ариун цэвэр сахихыг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ