ЗАВХАН: Долоо хоногийн таван өдөр хөгжмийн дугуйлан хичээллүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 24 сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд иж бүрэн хөгжмийн кабинеттайгаар хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна.
Тус аймаг сүүлийн хоёр жил ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, политехник коллеж, их, дээд сургуулиудыг иж бүрэн хөгжмийн зэмсэгтэй кабинеттай болгох ажлыг бодлогоор дэмжиж ажил хэрэг болгосон.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд 15661 сурагч ерөнхий эрдэм заалгаж, 26 цэцэрлэгт 5861 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол авч буй юм.
Эдгээр хүүхдүүд хөгжмийн хичээлийн цаг дээр болон хичээлийн бус цагаар цахилгаан төгөлдөр хуур, ятга, морин хуур, их хуур, лимбэ, аман хуур, калимба, үкүлэлэ, даралтат хөгжмөөр хичээллэж байна. Мөн ардын хөгжмийн зэмсгүүдтэй танилцах суралцах боломжтой болжээ.
Хамгийн сүүлд Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургууль хөгжмийн танхим нээж, 36 сая төгрөгийн хөгжмийн зэмсгүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалт төслийн дэмжлэгээр хүлээн авчээ. Алслагдсан аймгийн сумын сургуулийн хүүхдүүд урлагийн анхан шатны мэдлэгтэй болж, хөгжимд шамдан суралцах боломжтой боллоо.
Дөрвөлжин сумын Соёлын төв, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нар хамтран шинэ хичээлийн жилд 7 хоногийн таван өдөр хөгжмийн дугуйлан хичээллүүлэхээр болсон тухай Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв.
Сургууль бүр лимбэ хөгжимтэй болов