Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцогчид монгол орон, монголчуудын тухай
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт наймдугаар сарын 22, 23-нд Улаанбаатар хотноо амжилттай боллоо. Энэхүү чуулганд оролцогчид жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих, дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцооны тухай өргөн цар хүрээтэй яриа өрнүүлж, харилцан туршлага солилцсон юм. Энэ удаад чуулганд оролцогчид монгол орон, монголчуудын тухай хэрхэн өгүүлснийг хуваалцаж байна. Харин зөвхөн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт өгсөн Хүндэт зочдын яриаг манай агентлагийн видео мэдээнээс сонирхохыг урьж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
Ирэх 9 дүгээр сард болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт,
2025 онд тэмдэглэх “Бээжин+30”, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх
тайван, аюулгүй байдлын тухай” 1325 дугаар тогтоолын 25 жилийн ойн бэлтгэлийг
хангах үйл явц өрнөж буй энэхүү цаг үед Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн
чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Монголчууд бид эрт
цагаас эх хүнийг ижий бурхан хэмээн хүндлэн дээдэлж ирсэн. Төрийн үйл хэрэг,
улс хоорондын дипломат харилцаанд бүсгүй хүний хатан ухаан, торгон мэдрэмж,
нинжин сэтгэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн тухай түүх шаштирт тэмдэглэн үлдээсэн
байдаг. Манай улс энэхүү түүхэн уламжлалаа улам бүр баяжуулан хөгжүүлж,
үндэсний хэмжээнд салбар бүрд, бүх түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах
нөхцөлийг бүрдүүлж, бүс нутагтаа манлайлал үзүүлэн ажиллахыг зорьж байна.
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Мохамед: Чингис хааны өлгий нутагт ирсэн бид бүхэн монгол эмэгтэйчүүдийн эр зориг, урам, итгэлцэл, хүчин чармайлт болон Монголын эмэгтэйчүүдийн замнасан замналыг өндрөөр үнэлж байна.
Нүүдэлчин ард иргэдийн хувьд таван хошуу мал эдийн засагт нь ямар их үүрэг гүйцэтгэдгийг мэднэ. Миний ээж ч нүүдэлчин гаралтай тул нүүдэлчдийн аж ахуй, соёлыг сайн мэднэ. Энэ салбарт эмэгтэйчүүд олноор ажилладаг Бид хамтдаа тогтвортой, эрх тэгш, шударга нийгмийг эмэгтэйчүүд охидод цогцлоож чадна. Үүний тулд эв нэгдэлтэй байх аваас хүрэхгүй зорилго гэж үгүй билээ.
Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар:
Монгол Улсын Ерөнхийлөгч манлайллыг харуулж, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг тууштай цогцлоож байгаад талархал илэрхийлж байна. Эмэгтэйчүүдийн манлайллын эерэг жишээ бидэнд маш их хэрэгтэй байна.
Монгол Улс энэ чуулганаар Улаанбаатарын Тунхаглалыг баталснаар эмэгтэйчүүдийн үүрэг, энх тайван, аюулгүй байдал, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чухал үүргийг цохон тэмдэглэнэ. Монгол Улс орон нутгийн эмэгтэйчүүдийнхээ оролцоог нэмж байгаа тухай мэдээлэл авсан.
МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос:
Эзэн Чингис хаан охиндоо айлдсан нэгэн сайхан сургаал бий.
“Хатан хүнд гурван эр буй.
Анхны эр нь Алтан төр. Удаах эр нь ариун нэр. Дараах эр нь авсан эр болой.
Алтан төрийг хатуужин дагавал ариун нэр буй болно.
Ариун нэрийг бэхэлбээс авсан эр ангид үл одно” хэмээн Эзэн Богд Чингис хааны маань захиж хэлсэн алтан сургаал нь монгол эмэгтэйн биеэ засахуйн ухааны амьдралын толь болон өнөөдөрт иржээ. Тэгэхээр гэр бүлийнхээ төдийгүй өөрийн нийгэм, ард олон, улсынхаа хөгжил цэцэглэлтэд эмэгтэйчүүдийн үүрэг, хувь нэмэр юутай чухлыг өвөг дээдэс маань бидэнд сануулсаар байна.
НҮБ-ын Женев дэх төвийн ерөнхий захирал Татьяна Валовая:
НҮБ-ын Женев дэх төв нь эмэгтэйчүүдийг чадавхжуулах шинэлэг төслийг санаачилж ирсэн. Монгол Улс үүнд нэгдсэнд сэтгэл хангалуун байна. Монгол эмэгтэйчүүд улсынхаа Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг харуулж “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэнг Чингис хааны музейд дэлгэжээ. Тэдний нэг, хатагтай н.Оюун-Эрдэнэ Монголын нарны цахилгаан станцын анхны төслүүдэд ажилласнаар хямд, цэвэр эрчим хүчний талаарх Тогтвортой хөгжлийн 7 дугаар зорилтын манлайллын төрх болж байна. НҮБ-ын Женев дэх төвийн түүхэн барилга “Үндэстнүүдийн Ордон”-ыг сэргээн засаж, 2025 онд нээхэд “Манлайллын бүх төрх”-ийг нэгтгэсэн үзэсгэлэн гаргах манай санаачилгад Монгол Улс 9 дэх орон болж нэгдсэн.
НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Армида Алисжабана:
Хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн тэн хагас нь ажил хийж байгаа ч үлдсэн хэсэг нь бага цалинтай ажил эрхэлсээр байгаа.
Монгол Улсад нийгмийн хамгааллын систем эмэгтэйчүүдийн оролцоог хангах, тэдний бизнесийн орчинг хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэнд талархалтай байдаг.
НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын ерөнхий захирал Эми Пөүп:
Энэ чуулга уулзалт сэдэв, ач холбогдлын хувьд хамгийн зөв газраа болж байна. Монголын эмэгтэйчүүдийн байгууллага 100 жилийн өмнө байгуулагдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх замналаасаа ухралгүй, тэднийг чадавхжуулахын төлөө үлгэр жишээ, хүчин чармайлт гаргасаар ирсэнд талархаж, бас бахархаж байна. Монголд өнгөрсөн өвөл зуд нүүрлэжээ. Хэдий тэд эрсдэлтэй тулгарч байгаа ч миний таарч байсан охид, бүсгүйчүүлээс илүү хүч чадалтай, хаттай, зориг шийдэмгий, бүхнийг даван туулах тэвчээртэй, нэр төртэй байсан.
ИБУИНХУ-ын парламентын гишүүн Катрин Уэст:
Монгол Улсад саяхан болсон парламентын сонгуульд олон эмэгтэй сонгогдсонд талархалтай байна.
Хэдхэн сарын өмнө Лондонд Монголын соёлын өдөрлөг болсон. Монгол Улсын Британийн ард түмэнд үзүүлж буй найрсаг сэтгэлийг өндрөөр үнэлж байна.
Эквадорын Гадаад хэргийн сайд асан, Дэлхийн манлайлагч эмэгтэйчүүдийн дуу хоолой байгууллагын захирал Мариа Фернанда Гарсес:
Монгол Улс гадаад бодлогодоо эмэгтэйчүүд, охидынхоо асуудлыг цөм болгон хэрэгжүүлж байгаад баяр хүргэе. Жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал нь илүү амар амгалан, шударга, тогтвортой нийгмийн цогцлооход маш чухал. Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр багагүй ахиц гаргасан орон. Үндсэн хуульдаа хүний эрхтэй холбоотой, улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын бүх талбарт эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулсан зүйл, заалт оруулсан байдаг. Мөн олон эмэгтэй улс төрийн сонгуульд оролцож, эрчүүдтэй адил сонгогдох эрх эдэлдэг. Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ дахь эмэгтэйчүүдийн квотыг нэмсэн нь маш чухал юм.