Дүйнхорын вангийн урьдчилсан уншлага өнөөдрөөс эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд энэ сарын 9-22-нд Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдний их авшиг номыг айлдана.
Энэ тухай өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Гандантэгчэнлин хийдийн дэд хамба лам, гавж С.Гантөмөр мэдээлэхдээ, "Дүйнхорын ван авшиг ном нь бурхны шашинд ихээхэн чухалд тооцогддог. Бурхны шашны тарины номлол дотор хамгийн дээд нь Дүйнхорын ном юм. Тус номыг олон түмэнд заах, дэлгэрүүлэхэд хамгийн эхэнд авшиг хүртээдэг. Далай лам 34 удаа Дүйнхорын авшгийг хайрласан байдаг. Түүний 22 дахь удаагийн Дүйнхорын их авшиг 1995 онд Гандантэгчэнлин хийдэд болж байсан" хэмээж байлаа.
Даян дэлхийн амар амгалангийн төлөө уриан дор Дүйнхорын вангийн урьдчилсан уншлага өнөөдрөөс эхэлжээ. Энэхүү бэлтгэл номын айлдвар нь Дүйнхорын авшиг хүртэх гэж буй хүний дотоод сэтгэлийг ариусгах, зөв сэтгэлтэй болгох тустай аж. Үүний дараа наймдугаар сарын 16-ны өдөр Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдний авшгийг хүртэх үйл ажиллагааг нээх юм байна.
Харин Дүйнхорын авшиг хүртээх гол үйл ажиллагаа нь наймдугаар сарын 18-20-нд болохыг Гандантэгчэнлин хийдийн ГХОНХА-ны тэргүүлэгч А.Батцэнгэл мэдээллийнхээ үеэр тодотгосон юм.
Дүйнхорын ванг дагнан айлддаг дацангийн хамбаар 6 жил ажилласан Жадо Ринбүүчи нь нууц тарины номд машид мэргэшсэн хүн бөгөөд энэ сарын 12-ны өдрийн 14:00 цагаас эхлэн олон нийтэд "Мөрийн гурван эрхэм", "Бодьсадвын 37 гарын авлага" гэдэг хоёр номыг тайлбарлан айлдах ажээ.
Энэхүү номын үйл ажиллагаанд гадаадын зочид төлөөлөгчид, олон сүсэгтэн манай улсад ирээд буй тухай тус хэвлэлийн хурлын үеэр дурдаж байв.