Триатлоны холимог буухиад Германы баг түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-08-05 16:35:19

ПАРИС, 2024 оны наймдугаар сарын 5 /France24/. Парисын Олимпын наадмын триатлоны холимог багийн буухиа уралдаанд германчууд алтан медаль хүртлээ. Бельгийн тамирчин өнгөрсөн долоо хоногт Сена мөрөнд сэлсний дараа бие нь муудсан гэх мэдээлэл цацагдаж, шуугиан тариад буй үед уг тэмцээн явагджээ.


Германы триатлонч Лаура Линдеманн холимог багийн буухиа тэмцээний сүүлийн гараанд түрүүлсэн бол Их Британийн Бет Поттер мөнгө, АНУ-ын Тейлор Книбб хүрэл медаль хүртлээ. Хоёр, гуравдугаар байр эзэлсэн тамирчдыг фотофинишийн аргаар тодруулсан байна.


Холимог багийн буухиа тэмцээнд хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй гэсэн дөрвөн тамирчин оролцдог бөгөөд 300 м-ийн зайд усанд сэлж, 7 км зайг дугуйгаар туулж, 1.8 км зайд гүйж уралддаг. Өнгөрсөн лхагва гарагт болсон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн триатлоны ганцаарчилсан тэмцээн Сена мөрөнд болсон бол өнөөдрийн тэмцээнд оролцогчид мөн адил тус мөрнөөр сэлжээ.


Парисын ус зайлуулах шугам хоолойг сайжруулахын тулд 1.4 тэрбум евро буюу 1.5 тэрбум ам.долларыг зарцуулсан боловч Сена мөрөн бохирдолтой хэвээр байна. Бактерийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан, усны чанарын шинжилгээний хариу удаа дараа хангалтгүй гарсны улмаас Олимпын наадам эхэлснээс хойш тус мөрөнд бэлтгэл сургуулилалт хийх нөхцөл бүрдээгүй юм.


Холимог буухиа багийн тэмцээний өмнөх өдөр Бельгийн Үндэсний олимпын хорооноос /COIB/ өнгөрсөн долоо хоногт болсон эмэгтэйчүүдийн триатлоны тэмцээний дараа тамирчин Клэр Мишелийн бие өвдсөн болохыг мэдэгдсэн байна. “Энэ явдал Олимпын наадмын триатлоны цаашдын тэмцээнүүдэд сургамж болно хэмээн COIB болон Бельгийн Триатлоны холбоо найдаж байна” гэж мэдэгдэлд дурджээ. Улмаар Бельгийн баг даваа гарагт буухиа тэмцээнд оролцохоос татгалзсан байна.


Парис-2024” наадмыг зохион байгуулах хороо /ЗБХ/ мэдэгдэхдээ, өнгөрсөн долоо хоногт триатлоны тэмцээн болсон өдөр Сена мөрөнд хийсэн усны чанарын шинжилгээний хариу Дэлхийн триатлоны холбооны шалгуурт тэнцэж “маш сайн гэсэн үзүүлэлттэй байсан гэжээ. “Аливаа тэмцээнийг явуулах эсэхийг Дэлхийн триатлоны холбоо Парис-2024-ийн ЗБХ-той хамтран шинжилгээний хариу болон олон тооны (ялангуяа эрүүл мэндийн) шалгуурт үндэслэн шийдвэрлэдэг. Бид тамирчдын эрүүл мэндийг эн тэргүүнд тавьж байгааг сануулахыг хүсэж байна гэж ЗБХ мэдэгджээ.


 

Холбоотой мэдээ