Дарханы төмөрлөгийн үйлдвэр 21.4 сая тонн төмрийн хүдрийн баяжмал олборложээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-08-05 15:24:44

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК өөрийн эзэмшлийн Төмөртэйн төмрийн хүдрийн стратегийн ордыг түшиглэн “Уул уурхай-металлургийн цогцолбор” төслийг 2024-2028 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


Төслийн гол зорилго нь эх орны төмрийн хүдрээс эцсийн шатны ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлээ хангах юм гэдгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан УИХ-ын гишүүдэд онцлон танилцуулав.

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ө.Шижир нарын төлөөлөл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, стратеги төлөвлөлт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм.



Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-нд “Дархан”-ы үйлдвэр технологийн парк төслийг хэрэгжүүлнэ. Ингэснээр дотоодын тасралтгүй өсөн нэмэгдэж буй барилгын иржгэр болон гөлгөр ган туйван, булан төмөр, швеллер, төмөр утас зэрэг ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах, бусад төрлийн ширэм, ган бүтээгдэхүүний болон металл боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэлийг кластер хэлбэрээр хөгжих боломжийг бүрдүүлэх аж.


“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь Төмөртэйн уурхай, Хуст-Уулын орд, Төмөртолгойн уурхай, Гангийн үйлдвэр гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж, нийт 933 мянган тонн ган бүтээгдэхүүн, 21.4 сая тонн төмрийн хүдрийн баяжмал олборложээ. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан тус үйлдвэрийн санхүү, бүтэц, үйл ажиллагаатай танилцаж, цаашид бодлогын түвшинд ажиллах, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл бий болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ