“Deadpool & Wolverine” дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-08-05 11:36:43

НЬЮ-ЙОРК, 2024 оны наймдугаар сарын 5 /AP/. “Deadpool & Wolverine” уран сайхны кино нээлтээ хийснээсээ хойш 10 хоногийн дараах байдлаар Хойд Америкийн зах зээлээс хамгийн их орлого олсон “R-rated” кино боллоо. R-rated” гэдэг нь 17-гоос доош насны хүүхдүүд асран хамгаалагчийн хамтаар үзэх ёстой кино юм. 


Канад-Америк гаралтай жүжигчин Райан Рейнольдс, Австралийн жүжигчин Хью Жекман нар гол дүрийг нь бүтээсэн энэхүү кино дэлхий дахины кинотеатруудаар гарч эхэлсэн хоёр дахь долоо хоногтоо Хойд Америкаас 97 сая долларын орлого олсныг Марвел студиэс ням гарагт мэдээлэв. Ингэснээр хоёр долоо хоногийн хугацаанд 395.6 сая доллар олсноор 20 жилийн турш дээд амжилтыг эзэмшсэн “The Passion of the Christ” киноны үзүүлэлтээс /370 сая доллар/ давжээ.


Канадын найруулагч Шон Левигийн найруулсан “Deadpool & Wolverine” киноны тасалбарын борлуулалт дэлхий даяар 824.1 сая долларт хүрээд байгаа нь Deadpool”-ийн эхний хоёр ангийн кассын орлогыг давсан байна. Тодруулбал, 2016 онд гарсан эхний кино дэлхий даяар 782.6 сая долларын орлого олсон бол 2018 онд гарсан дараагийн анги 734.5 сая долларын орлого олж байлаа.


Холливудын хувьд долоодугаар сар нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн их ашиг орлого олсон сар болсон бөгөөд 2023 оны долоодугаар сараас хойш анх удаа сард нэг тэрбум долларын орлого олжээ. Өнгөрсөн оны долоодугаар сард “Барби”, Оппенхеймер кинонууд нээлтээ хийж байсан бол энэ оны шилдэг киногоор шалгараад буй Inside Out 2”, “Deadpool & Wolverine кинонууд өнгөрсөн сараас дэлхий дахины кинотеатруудаар гарч эхэлсэн юм.


Өнгөрсөн долоо хоногийн бокс-оффисын жагсаалт

1. Deadpool & Wolverine 97 сая доллар

2. “Twisters” 22.7 сая доллар

3. “Trap” 15.6 сая доллар.

4. “Despicable Me 4” 11.3 сая доллар

5. “Inside Out 2” 6.7 сая доллар

6. “Harold and the Purple Crayon” 6 сая доллар

7. “Longlegs” 4.1 сая доллар

8. “A Quiet Place: Day One” 1.4 сая доллар

9. “Daaru Na Peenda Hove” 615 782 доллар

10. “Bad Boys: Ride or Die” 600 мянган доллар

           


Холбоотой мэдээ