Д.Трамп санал асуулгын дүнгээр илүүрхэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК, 2024 оны наймдугаар сарын 2. /ТАСС/. Бүгд Найрамдах
намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нь тодорхой болсон
Ерөнхийлөгч асан Дональд Трамп Америкийн сонгогчдын дэмжлэгийг авч буй байдлаар
дэд Ерөнхийлөгч Камала Харрисыг гүйцэн түрүүлжээ. Судалгааны Rasmussen
Reports гэдэг байгууллагаас олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн
үүнийг харууллаа.
Судалгааны дүнг харвал, түүнд оролцогчдын 49 хувь нь Трампыг
дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлсэн бол 44 хувь нь Харрисыг дэмжиж, бусад 4 хувь нь өөр нэр дэвшигчийн төлөө саналаа
өгнө гэдгээ илэрхийлсэн байна. Харин 2 хувь нь хэнийг дэмжихээ шийдээгүй байгаа
ажээ.
Сонгуульд оролцох гэж буй Америкийн 2 мянга гаруй иргэдийг хамруулсан уг санал
асуулгыг 7 дугаар сарын 24-25-нд, мөн 28-31-ний өдрүүдэд явуулсан бөгөөд судалгааны дүн 2 хувиар хэлбэлзэх магадлалтай.
Өмнө нь Ройтерс агентлаг ба социологийн судалгааны Ipsos алба хамтран 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд явуулсан санал асуулгаар Харрис 44:42 гэсэн харьцаагаар илүүрхэж байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 5-нд болно.
Тус сонгуульд Ардчилсан намыг төлөөлөн Ж.Байден оролцоно гэж үзэж байсан боловч
6 дугаар сарын 27-нд Трамптай хийсэн мэтгэлцээнд тэрбээр тун тааруухан оролцсон
тул намынх нь лидерүүд өрсөлдөөнөөс гарахыг түүнд уриалах болсон юм. Ингээд шахалтад
орсон Ж.Байден 7 дугаар сарын 21-ний өдөр өрсөлдөөнөөс гарахаа мэдэгдэж, дэд ерөнхийлөгч К.Харрисыг
сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжсэн билээ.